Бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн Их дуулга тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг тамирчид оролцохоор зэхэж байна. Энэхүү тэмцээнээр “Лос-Анжелес 2028” олимпын наадам хүртэлх жүдо бөхийн шинэ улирал эхлэх учиртай.
Арванхоёрдугаар сарын 7, 8-ний өдрүүдээр болох Токиогийн Их дуулга тэмцээнд 44 улсын 274 жүдоч зодоглох юм. Энэ удаад Монголын 19 жүдоч хүч сорино.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд К.Ёолк “С” хэсэгт хуваарилагдсанаар Румыний 22 настай Александру Матайтай зодоглоно. Тэдний давсныг өсвөр үеийнхний Ази тивийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Шерзод Давлатов хүлээж буй.
Энэ хэсгийг “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Их дуулга ангиллын 11 түрүүтэй Рюжу Нагаяма толгойлж барилдана.
Харин Т.Түмэнжаргал (21 настай) “А” хэсэгт хуваарилагдсанаар эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрээр шигшээ 16-ийн шатнаа Тайванийн Лин Чонг-Юүтэй зодоглоно. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ли Харим болон Японы Секимото Кента, Америкийн Ян Жонатан нарын залуу бөхчүүдийн аль давсантай нь хүч сорих юм.
66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Токиогийн Их дуулгаас мөнгө, хүрэл медаль зүүгээд буй Ё.Басхүү “А” хэсгийг толгойлж, эхний тойрогтоо гоц мөргөлөө. Тэрээр шигшээ 16-гийн шатнаа Америкийн залуу бөх Шимизү Жэйтэй барилдана.
Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ө.Жанцандорж (20 настай) “D” хэсэгт хуваарилагдаж, эхний тойрогтоо гоц мөргөв. Түүний хувьд, шигшээ 16-гийн шатнаа Бразилийн 20 настай Рональд Лиматай зодоглоно. Эл хэсгийг Их дуулга ангиллын хошой мөнгө, хүрэл медальт Обид Жебов толгойлохоор боллоо.
73 кг-д Тбилисийн Их дуулга тэмцээний аварга, “Парис-2024” олимпын наадмын VII байрт шалгарсан Б.Эрдэнэбаяр “B” хэсгийг толгойлж, эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрээр шигшээ 16-гийн шатнаа Малавигийн Висон Дайлеси, Японы Учимура Шүсүкэ нарын аль давсантай нь зодоглоно.
Ж.Гансүрэн (21 настай) “С” хэсэгт хуваарилагдаж, өсвөр үеийнхний дэлхийн аварга, Их дуулга ангилалд хоёр удаа үзүүрлээд буй Жованни Эспоситотой барилдана. “С” хэсгийг өнөө жил Парисын Их дуулга тэмцээн болон Азийн аваргад түрүүлж, дэлхийн аваргад үзүүрлээд буй Тацуки Ишихара толгойлохоор болов.
81 кг-д О.Шинэбаяр “В” хэсэгт хуваарилагдсанаар өнгөрсөн жил Панамерикийн наадамд үзүүрлэсэн Чилийн Хорхе Перестэй зодоглоно. Тэдний давсныг Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Японы Юхэй Ойно хүлээж буй. Энэ хэсэгт японы хоёр жүдоч хуваарилагдсаны нөгөөх нь Душанбагийн Их дуулга тэмцээний түрүүтэй Хожо Ёшито юм.
-100 кг-д зодоглох өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай А.Энхбаяр (19 настай) эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрээр шигшээ 16-д Казахстаны 23 настай Адилет Сапаргалиевтай барилдана. Эл хэсгийг Токиогийн Их дуулгад өнгөрсөн жил түрүүлсэн Оросын Матвей Каниковский толгойлохоор боллоо.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-д хүч сорих Их дуулга ангиллын иж медальт Г.Наранцэцэг “D” хэсгийг толгойлж, эхний шатнаа гоц мөргөв. Тэрээр шигшээ 16-д Францын Анаис Перрот, Өмнөд Солонгосын Парк Юнли нарын аль давсантай нь зодоглоно.
Уг хэсэгт нутгийнхаа Их дуулга тэмцээнээс сүүлийн хоёр жил дараалан медаль хүртээд буй Японы залуу авьяастан Мияаки Кано, 2022 оны Азийн наадмаас хүрэл медаль зүүсэн Хятадын Гуо Зонгинг нар хуваарилагджээ.
Өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга Ж.Анударь “А” хэсэгт ХонгКонгийн Хо Лок И-тэй барилдана. Тэдний давсныг шигшээ 16-гийн шатнаа сүүлийн хоёр жил дараалан эл тэмцээний шагналт V байрт шалгарсан Тайванийн Лин Чен-Хао хүлээж буй. Уг хэсгийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Кога Вакана толгойлж барилдана.
52 кг-д зодоглох залуучуудын дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээнээс сүүлийн хоёр жил дараалан хүрэл медаль зүүгээд буй Л.Сосорбарам эхний тойрогтоо гоц мөргөлөө. Тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Оросын Глафира Борисова, Японы Такеучи Рин нарын давсантай нь зодоглоно.
Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа Их дуулга ангиллын нэг алт, хошой хүрэл медальт Японы Омори Кисумитай барилдахаар сугалаа татлаа.
57 кг-д хүч сорих О.Оюунчимэг (20 настай) Финландын Матикайн Роуэнтэй зодоглоно. Тэдний давсныг өсвөр үеийнхний ДАШТ-ий үзүүр бөх Хорватын Ана Виктория Пулиз хүлээж буй. Эл хэсгийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Момо Тамаоки толгойлохоор боллоо.
Энэ намар өсвөр үеийнхний дэлхийн аваргад түрүүлээд буй Т.Ариунзаяа залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Дана Абдироватай хүч сорино. Тэдний давсныг өнөө жил Абу Дабигийн Их дуулгад үзүүрлэсэн Зуева Ирина хүлээж буй.
63 кг-д барилдах Т.Анударь (20 настай) эхний тойрогт гоц мөргөж Их дуулга ангилалд хоёр удаа үзүүрлэсэн “А” хэсгийн толгой бөх Дали Лилуашвилитай хүч сорихоор болов.
70 кг-д өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй (18 настай) Японы 20 настай Хонда Майютай зодоглохоор сугалаа татлаа. Давсныг нь Тайванийн Ляо Ю-Жун хүлээхээр болжээ.
-78 кг-д барилдах насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадамд зодоглосон О.Хүслэн (20 настай) “С” хэсгийг толгойлж, өсвөр үе болон залуучуудын Азийн аварга Ким Минжүтэй хүч сорихоор хуваарилагдав. Тэдний давсан нь хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий иж медальт Японы Мами Умеки, Хятадын Ван Инсюэ нарын аль ялсантай нь өрсөлдөнө.
+78 кг-д Азийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт А.Адьяасүрэн “В” хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөлөө. Тэрээр шигшээ 16-д Тажикстаны Виктория Киселев, Хятадын Ниу Шинран нарын давсаныг нь хүлээхээр болов.
Өнгөрсөн жил Улаанбаатарын Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Д.Номинзул мөн л эхний тойрогт гоц мөргөжээ. Түүний хувьд залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Назгүл Маратова, Токиогийн Их дуулга тэмцээнд 2022 онд үзүүрлэсэн Маяа Сегава нарын давсантай нь хүч сорино.