Бидний ярьж заншсанаар НБА (NBA-National Basketball Association) буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбоо нь Зул сарын баярын өдөр тоглолт хийдэг болсоор 77 дахь жилээ үдэж буй билээ.
Харин сагсанбөмбөгийн хорхойтнуудад гал гарсан тоглолтоор бэлэг барихын тулд 12 дугаар сарын 25-нд буюу Зул сарын баярын өдөр хамгийн шилдэг багууд, хамгийн супер одуудын оролцсон таван тоглолтыг (10 баг) зохион байгуулдаг болсоор 17 "Christmas day" өнгөрч байна.
Энэ жилийн НБА-ийн Зул сарын баярын өдөр гэхэд л сүүлийн гурван жилийн аварга болох "Голден стэйт уорриорз", "Денвер наггетс", "Бостон селтикс" мөн Зул сарын өдрийн тоглолтод хамгийн олон оноо авсан (476), мөн хамгийн олон удаа тоглосон (18 тоглолт) ЛеБрон Жэймсийн "Лос Анжелес лэйкерс", Лука Дончичийн "Даллас", КД&Бүүкерийн "Финикс", залуу супер одод болох Энтони Эдвардс, Виктор Вембаньяма нарын "Миннесота", "Сан Антонио" багууд тоглолоо. Зул сарын баярын өдрийн 5 тоглолтыг Америкийн ТВ-ийн томоохон сувгууд 215 оронд 60 хэл дээр 13 цагийн турш шууд дамжуулан үзүүллээ.
2024 оны НБА-ийн Зул сарын баярын өдрийн тоглолтууд
"Нью Йорк никс"-"Сан Антонио сперс" 117:114
"Даллас маверикс"-"Миннесота тимбервулвз" 99:105
"Бостон Селтикс"-"Филадельфи севенти сиксерс" 114:118
"Финикс санз"-" Денвер наггетс" 110:100
"Голден стэйт уорриорз"-"Лос Анжелес лэйкерс" 113:115 гэсэн үр дүнтэй, үнэхээр үзүүштэй, тун сонирхолтой, сагсанбөмбөгийн фанатуудад жинхэнэ бэлэг боллоо.
Ялангуяа "Chase center"-т болсон "Дайчид"-"Нуурынхны", Стефен Көрри-Леброн Жэймсийн өрсөлдөөн, "Калифорнийн классик тулаан" ёстой л "бэлэг бэлгийн дээд" байв. Тавхан хоногийн дараа 40 нас хүрэх "Хаан" Жэймс энэ тоглолтод 31 оноо, 10 дамжуулалт хийж харих хаа байсан гэдгээ харуулсан бол 36 настай Стеф 38 оноо+6 дамжуулалт, 3-аас 8 удаа унагаж, хараа хурц " мэргэн бууч" хэвээрээ буйгаа нотоллоо.
Эцсийн хоромд л ялагч тодорсон, яах аргагүй супер тоглолт боллоо доо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин