Ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын Невада мужийн Парадайс хотын "T-Mobile Arena" ордонд холимог тулааны UFC холбооны 2024 оны дугаартай, сүүлийн том тэмцээн болно. Тэмцээний гол тулаанд хөнгөн жингийн аварга, Бразилын Алешандри Пантожа, Rizin холбооны аварга асан Японы Каи Асакүра гар зөрүүлнэ. Мөн 18 тулаанд ялагдаагүй, бүгдэд нь цэвэр ялсан Казахстаны Шавкат Рахмонов, ялагдаж үзээгүй бас нэгэн тулаанч Иэн Гэрри (8-0) нарын тулаантай.
Холимог тулааны хамгийн том холбоо UFC-д анхны тулаанаа хийхээр ирсэн шинэ цэрэг Каи Асакүра яахаараа UFC 310 тэмцээнийг толгойлдог билээ гэж олон спорт сонирхогч гайхсан билээ. Толгойлоод зогсохгүй шууд аваргын бүсийн төлөө гарч ирдэг нь юу билээ? Яагаад Дана Уайт Асакүрад шууд аваргын бүсийн тулаан өгөв? Тэр юугаараа онцгой юм бэ?
Каи багаасаа каратэ, сүмогоор хичээллэж, хэдэн жил волейбол хүртэл тоглосон тамирчин хүү байлаа. Түүний ах Микирү гудамжны атаман, мөрийтэй зодолдоно. Гэхдээ дүүгээ хаашаа ч дагуулж явдаггүй байв.
Нэгэн шөнө Микирү дүүгээ сэрээгээд “Энэ дүүрэгт бүгдийг нь зодчихлоо. Зодох хүн ч байхгүй боллоо” гэж хэлээд дүүдээ боксын бээлий өгөөд халз тулалдахыг санал болгов. Каи нэг ч удаа жинхэнээсээ зодолдож үзээгүй байсан ч зөвшөөрлөө. Энэ зодооны бичлэг цахим сүлжээнд бий.
“Ах жинхэнээсээ намайг алах гэж хичээж байсан. Гэвч би цохилт болгоноос нь бултаж чадаж байлаа. Энэ бол миний анхны жинхэнэ тулаан байсан юм. Тэр үед л би өөрийгөө мэргэжлийн тулаанч болж чадах юм байна гэдгээ ойлгосон” Каи Асакүра
Зодооны дараа ах нь дүүгээ “Байгалиас заяасан зодоонч” гэж магтлаа. Байнга зодолдох хүүхдүүдээ боксын секцэнд өг гэсэн сэтгэл зүйчийн зөвлөгөөгөөр ээж нь зодоонч хүүхдүүдээ аваад спорт клубт очсон гэдэг. Тэнд хүүхдүүд уур хилэнгээ дарж сурах ёстой байв. Гэвч эцэст нь тэд гэмт бүлэглэлийн зохион байгуулдаг нууц бооцоотой тулааны тамирчид болсон юм.
Ахлах ангид элсээд хоёулаа холимог тулаанд орлоо. Ахын үгийг дүү баяртайгаар дагасан. Учир нь Микүрүтэй хийсэн зодооны дараа тэр зодолдох дуртай болсон байв.
“Тэр зодоонд ахынхаа бүх цохилтоос бултаж чадсандаа би их гайхсан. Би зодолдох дургүй байсан ч эр хүний хувьд хүчтэй байхыг хичээдэг байлаа. Тийм болохоор холимог тулаанд орсон” Каи Асакүра
Каи эхлээд сонирхогчдын Rings: The Outsider лигт элслээ. Сахилгагүй хүүхдүүдийг дээрмийн бүлэгт элсүүлэхгүйн тулд байгуулагдсан лиг байв. Тэнд Каи 8 ялж, 2 ялагдан, хөнгөн жингийн аварга боллоо. 2012 онд мэргэжлийн тулаанч болж, 2017 онд Японы хамгийн том Rizin холбоонд элсжээ. Хоёр жилийн дараа Каи Rizin холбооны аварга, UFC-д тулалдаж явсан, алдарт Кэйжи Хоригүчиг 68 секундэд нам цохиж, шуугиан тарив. Хоригүчи бол Япондоо од, 13 тулаан дараалан ялагдаагүй, UFC-д аваргын бүсийн төлөө Деметриус Жонсонтой гар зөрүүлж байсан тамирчин. Бараг бүх бооцоо тавигчид Хоригүчиг сонгосон байсан тул Асакүра яг л Альдог нам унагаасан Конор шиг тэр дороо од болсон юм. Даагаа нэхэх тулаанд Хоригүчид ялагдсан ч Асакүра Rizin холбооны аваргаар хоёр удаа шалгарсан. Bellator холбооны аварга асан Хуан Арчулета, одоо UFC холбоонд байгаа Манель Капе нарыг ялж байсан. 31 настай тэрээр одоо 21-4 амжилттай. Япон бол холимог тулааны маш баялаг түүхтэй орон хэдий ч UFC холбооны аваргагүй. Тиймээс Асакүра Пантожаг ялж, түүх бүтээхийг хүсч байна.
“Япон тулаанчдыг дэлхийд үргэлж дутуу үнэлдэг. Бид хүчтэй гэдгийг би дэлхийд харуулна. Дараа үеийн япон тулаанчдыг томоор мөрөөдөж, сэтгэдэг болгоно” Каи Асакүра
Сүүлийн үед Японд холимог тулааны нэр хүнд унаад байгааг сэргээх гэж ах дүү хоёр зүтгэж байна. Тэд алдартай блогчид. Каи юүтүүб дээр 1,37 сая дагагчтай бол Микүрү 3,42 сая дагагчтай. Тэднийг ах дүү Полын япон хувилбар гэж ч нэрлэдэг. Асакүра ах дүүс зодолдоно, бэлтгэлээ шууд дамжуулна, нэвтрүүлэг хийнэ.
Микирү ах нь мөн Rizin холбоонд элсэж, 2022 онд Флойд Мейвезертэй үзүүлэх тоглолт хийн, хоёрдугаар үед техникийн нокаутаар ялагдаж байв. Гудамжинд хэнд ч ялагдаж байгаагүй Микирү спортын дэвжээнд дүүгээ гүйцэж чадаагүй. Одоо тэр өөрийн промоушентай. Ядуу хорооллын хүүхдүүдийг спортоор сургаж, гэмт хэргийн замаас хамгаалдаг.
UFC холбоо сүүлийн үед цар хүрээгээ өргөжүүлэх бодлого барьж, Америкаас өөр орны тамирчин хайдаг болсон. Японы бэлэн гэгч од байж байхад шууд аваргын бүсийн тулаан өгч яагаад болохгүй гэж? Ямар ч гэсэн Дана Уайт ингэж бодож байгаа нь гарцаагүй. Тэгээд ч Каи угаасаа хурц, сайхан тулаантай тул америк үзэгчдэд таалагдана. Ялалтынх нь 75 хувь нь цэвэр ялалт гээд бодоод үз.
“Энэ япон залуу бол гудамжны атаман, муу залуу шүү. Түүнийг шалгах хэрэг огт байхгүй. Каи дэлхийн шилдгийн нэг. Хэнтэй ч үзэлцэхээс айхгүй баатар” Дана Уайт
Асакүра ялагдсан ч сүүлийн жилүүдэд унтаа байгаа хөнгөхөн жин буюу 56,7 кг-ын жинг сэргээх нь гарцаагүй. Ямар ч гэсэн түүний олон нийтийн сүлжээний дагагчдын тоо Пантожагаас хэд дахин олон.
Мэдээж Асакүрад асуудал бий. Сүүлийн гурван жилд гурав л тулалдсан. UFC-д дээд жингээс бууж ирэх тул жин хасах шаардлагатай. Дээр нь шинэ дүрмээр өрсөлдөнө. Rizin-д унасан өрсөлдөгчөө өшиглөөд, өвдөглөөд ялж болдог бол энд хориотой.
“Миний хүчтэй талыг бүгд мэднэ. Би ганцхан цохилтоор унагааж чадна. Оновчтой ганц цохилт л хангалттай. Би ардаа Асакүра гэсэн өв үлдээмээр байна. Хэрэв би ялбал энэ нь Япон орны ялалт болно” Каи Асакүра