Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүн-Академич, Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Далантайн Цэрэнсодном өвчний учир 2024 оны 12-р сарын 5-ны өдөр таалал төгслөө.
Тэрбээр 1937 оны 4 дүгээр сарын 1-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын VII багийн нутаг Арбулаг хэмээх газар малчин ард, эцэг Ч.Дамдинсүрэн, эх Долгор нарын ууган хүү нь болон мэндэлсэн юм. Бага наснаасаа өвөг эцэг Сономын Далантай, эмэг эх Балжингийн Лянхуа нарын гар дээр өсөн хүмүүжиж, 1948-1950 онд Халзан сумын бага сургууль, 1950-1958 онд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1958-1962 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгсжээ.
1962 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлснээс хойш тасралтгүй 62 жил үр бүтээлтэй ажилласан билээ. 1978-1979 онд хуучнаар БНАГУ-ын ШУА-д Эрдэм шинжилгээний ажилтан, 1988-1990 онд БНХАУ-ын Бээжингийн их сургуульд зочин профессор багш, 1972 онд ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “ХIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэр” бүтээлээр дэд эрдэмтний зэрэг, 1983 онд БНАГУ-ын Хумболдьтын нэрэмжит Их сургуульд “ХIII-ХIV зууны үеийн монгол яруу найргийн өв” (онол түүхийн асуудлаар) ганц сэдэвт зохиолоор Хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Энэ хугацаанд Д.Цэрэнсодном эрдэм шинжилгээний дэд ажилтнаас эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сектор, төвийн эрхлэгч, бакалавр магистраас Шинжлэх ухааны доктор (1983), дэд профессор, профессороос ШУА-ийн жинхэнэ гишүүн Академич (1998), Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаас Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн (2007), Олон улсын Алтай судлалын “Алтан медаль” (2015), Академийн шилдэг бүтээлээс Монгол улсын Төрийн шагнал (1997) хүртсэн Монгол судлал, Монгол уран зохиол судлалын нэгэн үеийн төлөөлөгчдийн түрлэгийг удирдан залсан багш, Дорно дахины уламжлалт таван ухааны мэдлэгийг төгс цогцлоосон хуучны мэргэдийн уламжлалыг залгамжлан авч явсан нэрт бичгийн хүмүүн байлаа.
Академич Д.Цэрэнсодном ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Монголын нууц товчоо” судлалын төвийн эрхлэгч, “Эх хэл бичиг” сэтгүүлийн ерөнхий редактороор 62 жилийн турш эрдэм судлалын ажлаа хийхдээ Монгол бичиг соёлын үнэт өв дурсгал - Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн тус бүр бие даасан салбар шинжлэх ухаан болтлоо хөгжсөн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.
Гүн эмгэнэл илэрхийльe.