Дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдээр Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдох “Болзоо”, “Хүүхэлдэй” моно жүжгүүдийн зохиолч Балжирын Сүнжидмаатай ярилцлаа. Тэрбээр “Фрея” ганц хүний жүжгийн зохиолыг бичиж, өөрөө найруулан Швейцарын Базель хотноо тоглуулж байсан.
-Урлаг, уран зохиол хувийн амьдралаас тань ангид орших тусдаа цогц ертөнц байдаг болов уу. Тийм ч учраас та шүлэг, жүжгийн зохиол туурвиж эхэлсэн байх?
-Би багаасаа уран зохиолд хайртай, ном унших дуртай байсан. Тэгэхдээ эдийн засагч мэргэжлээр суралцаж, төгссөн юм. Хэдий би уран зохиолын боловсролыг мэргэжлийн түвшинд суралцаж, эзэмшээгүй ч, ном уншихаас хол хөндий байгаагүй. Бидний амьдралд урлаг ямар их үгүйлэгддэгийг би цаг ямагт мэдэрдэг. П.Батхуяг багшийнхаа амьдралынх нь сүүлийн жилүүдэд тогтмол харилцаа холбоотой байж асуухыг, сурч мэдэхийг хүссэн зүйлсээ лавлаж байсан маань жүжгийн зохиол бичих ажил руу ороход нөлөөлсөн байх.
-Жүжгийн зохиол олон төрөл, жанраар хөгжсөн. Тэр дундаас та яагаад заавал ганц хүний жүжгийг сонгон бичих болов?
-Магадгүй жүжиг гэдэг бол бүхэлдээ дүр л юм. Миний хувьд дүрийг судлахын тулд хүнийг судлах ёстой гэж боддог. Тиймээс хүний дотоод зөрчил, дүрийн гэмтэл, оршихуйн хямралыг нь судлахад төвлөрч ажилладаг юм, би. Өөрийгөө ил гаргах, үнэн зөвөөр илэрхийлэх боломж бидэнд алга. Үүний цаана ямар том хорио цээр байдаг бол. Магадгүй хүүхэд насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл ч байж болно. Түүнийгээ хэзээ ч ил гаргаж байгаагүй, тэгэхээр өвдөлтийг нь өөр хэн ч мэдрэхгүй.
-Танд олон дүртэй жүжиг бичих төлөвлөгөө бий юу?
-Жүжиг бичих ажилдаа дадаж, мэргэшсэнийхээ дараа магадгүй олон дүртэй жүжиг бичиж болох юм.
-“Фрея” хэмээх анхны ганц хүний жүжгээ та өөрөө найруулж, Швейцарын Базель хотноо тоглуулж байсан. Үүний араас “Болзоо”, “Хүүхэлдэй” гэсэн хоёр жүжгийг эх орондоо тоглуулахаар боллоо. Зохиолчийн эрхшээлээс хэдийн алдуурчихсан зохиолоо хөндлөнгөөс харахдаа ямар хүлээлттэй байна?
-“Фрея” бол сонгодог хэлбэрээр шүлэглэсэн моно драм юм. Өөрөө найруулж байсан учир жүжигчинтэйгээ хамт өвдөж, хамтдаа уйлж, хамт урсаж байсан бол дараагийн хоёр жүжгийн зохиолоосоо өөрийгөө чөлөөлчхөөд байна.
“Болзоо”, “Хүүхэлдэй” жүжгүүд маань хоёул өөр сэдэв, илэрхийлэмжтэй зохиолууд учир найруулгын хувьд ч хоорондоо эрс тэс ялгаатай байх. Тайзнаа хэрхэн тоглогдохыг найруулагчид л шийднэ, зохиол хэдийн миний мэдлээс гарчихсан шүү дээ. Өөрийнхөө зохиолыг ахин шинээр харах гэж байгаа болохоор маш их догдолж байна.
-Өмнө нь нэг зохиолчийн хоёр жүжиг нэг тайзан дээр дараалан тоглогдож байсныг би санахгүй байна. “Болзоо”, “Хүүхэлдэй” гэсэн хоёр моно драмын жүжгээр та үзэгчдэд юу өгүүлэхийг хүссэн бэ?
-Би хэнд ч юм хэлэхийг хүсэхгүй байна. Уран бүтээл гэдэг цаг нь ирэхэд аяндаа амилдаг. Театр бол бидний хувьд оюун санааны тэжээл шиг санагдуулдаг юм. Жүжиг үзэхийг өөрийнхөө оршин байгаа цаг хугацааг барьж авах мөч гэж боддог. Тэгээд ч аливаа үг, өгүүлбэрийг хүн бүхэн ижилхэн утгаар ойлгож, хүлээж авахгүй шүү дээ. Хоёулаа л эмзэглэлээс төрсөн бүтээлүүд юм. Миний эмзэглэл, дотоод сэтгэл дэх чимээгүй өвдөлтийг театрын тайз чимээтэй болгож байгаа л юм. Үүнийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө мэдэрч, таашаах нь эрх чөлөөтэй.

-Эдгээр жүжгийн зохиолууддаа өөрийнхөө амьдралын туршлагаас, мэдэрснээсээ хувь хүртээсэн нь бий юу?
-Хүн бүхний сэтгэлд ийм эмзэглэл, шаналал байгаа байх. Өөрийнхөөрөө амьдрах боломж хомс болсон цаг үед бид оршиж байна шүү дээ. Хүн бүхэн бие биеэ нэг хэлбэр, дүрсэнд оруулаад үүсгэсэн хэлбэр дүрсэндээ түүнийг багтаах гэсэн зөрчлөөс болж өнөөх хүнээ таашаах, таашаахгүйн зовлонд өөрөө унадаг. Жүжгийн гол дүрүүд маань магадгүй таны дотор ч байж болно, миний дотор ч байж болно.
-Анх найруулагчид руу зохиолоо илгээчхээд хариу хүлээх зууртаа хэр догдолсон бэ?
-Айдастай л байдаг юм байна лээ. Харийн нутагт амьдрахаар хүлээцтэй, тэвчээртэй занд суралцдаг юм байна.
-Та Монголд ирэх бүрийдээ заавал нэг тийш явдаг. Эх орныхоо уудам нутаг, үзэсгэлэнт байгалиас ямар нэг зүйл эрэн бидээд л яваад байна уу даа гэж санадаг юм. Та тэрхүү хайсан зүйлээ олсон уу?
-Энэ аялал маань хязгааргүй, дуусашгүй байх. Монголын уудам тал, задгай тэнгэрийг харах, амьсгалдаа, оршихдоо энэ бүгдийг өөртөө багтаана гэдэг нь агуу тансаглал юм. Тэгэхээр би өөрийгөө тансаглуулах гэж ийн аялдаг байх. Уул, ус, тал нутгаа хараад анхдагч оршихуйдаа очдог байж магадгүй. Амьдралын урсгалд бид нар өөрөөсөө өөр хэн нэгэн болчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр анхдагч оршихуйдаа очихоор ахин шинээр төрөх шиг санагддаг.
-Швейцарт очоод эх орноосоо хамгийн түрүүнд юуг санагалзаж байв?
-Швейцарт анх газардахад зуны ид халуун үе байж таарсан юм. Тэгэхэд шилэн хоргонд байх юм шиг санагдаад талын салхиа л мөрөөдсөн. Базель хотын үзэсгэлэнт төрх нь үлгэрийн оронд байгаа юм шиг санагдуулдаг. Тэгсэн хэр нь бүгчим агаар нь намайг бачимдуулж байлаа. Талын салхиа л мөрөөдсөн дөө.
-Амьдарч байгаа газрын тань юу нь таалагддаг, юу нь таалагддаггүй вэ?
-Манай хот бол гайхамшигтай үзэсгэлэнт төрх бүхий урлагийн хот. Миний хувьд жүжиг, үзэсгэлэн үзэх дуртай. “Арт Базель” нэртэй дэлхийн бүх уран бүтээлчдийн үзэсгэлэн зохион байгуулагддаг газар гэдгээрээ манай хот дэлхий дахинаа алдартай шүү дээ. Тэгэхээр миний хувьд дэлхийн шидээвэр бүтээлийн үзэсгэлэнг хотдоо үзэх боломжтой гэдгээрээ их азтай юм. Залуу уран бүтээлчдийг идэвхтэй дэмждэг, бүтээлээ олон нийтэд хүргэх хязгааргүй олон боломж бүхий хот.
Монголд ирээд харахад хүүхэд, залуучуудад нээлттэй урлаг, уран зохиолын төвүүд ховор байна. Тэгэхэд Базель хотынхон урлаг, соёлын үйл ажиллагааг дэмжихээс гадна улс, орнууд өөрсдийн соёлоо сурталчилахыг ч мөн дэмждэг. Түүнчлэн Базель хотын оюутнуудад бүх музейг (тус хотод 40 гаруй музей бий) үнэгүй үзэх эрх олгодог юм. Урлагийн бүх тоглолт, үйл ажиллагааг оюутнууд хөнгөлөлттэй үнээр үзэх боломжтой. Тэндхийн урлагийн боловсрол олгох хөтөлбөр нь хүн өглөө босоод цай уухтай нэг түвшинд хэрэгжиж байдаг.
-Та тодорхой дадлын дагуу бичдэг үү, эсвэл аясаараа л туурвиж байна уу?
-Би аливааг ажиглах дуртай. Заримдаа хэдэн цагаар ч хамаагүй, зүгээр л юм ажиглаад суудаг. Жижигхэн хүүхэд юмаа унагачхаад түүнийгээ авахаар тэмүүлж байгааг, тэрийг нь хэн нэгэн харахгүй байгааг харж ажигласнаараа бясалгадаг байж магадгүй. Бас би юуг ч мартдаггүй. Нүдэнд үзэгдэхгүй асар олон зөрчил амьдрал дотор оршиж байдаг. Тэр бүгдийг л би ил гаргах сан гэж хүсэж байна. Тиймээс бүтээлдээ онцгой том сэдэв, санааны тухай бичих сэн гэж хүсдэггүй. Харин бичих үедээ ном, зохиол зэрэгцүүлж хардаг. Ер нь л унших дуртай, үргэлж уншдаг юм. Дүрээ бодож, боловсруулах үедээ дандаа л тэмдэглэгээ хийдэг. Дүр бүтээнэ гэдэг чинь амьд хүн бүтээж байгаатай дүйцэх учир дүрээ амьтай, сүнстэй байлгах сан гэж, бодит оршоох сон гэж хичээдэг. Дүрийн маань нөхцөл ямар байна, ээж аав нь ямар хүмүүс байгаа юм, тухайн дүр ямар оршихуйн замналыг туулаад хэн болов гэдэгт голчлон анхаардаг.
-Базель хот дахь монголчууд энэ цаг үед идэвхтэй бичиж, туурвиж буй уран бүтээлчдийн номуудыг уншиж, тэдэнтэй хийх уулзалт, ярилцлагыг тогтмол зохион байгуулдаг. Энэ ажил хэдийнээс эхлэлтэй вэ?
-Монголоо Швейцарт сурталчлах зорилгоор 2018 онд байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаатарыг Базель хотноо урьж, тэндхийн Соёлын төвд уран бүтээлийн үзэсгэлэнг нь дэлгэж байлаа. Базель хотод үзэж болох бүх л сайхан зүйлсийг өсөж байгаа залуу уран бүтээлчдэд харуулъя гэсэн үүднээс оюуны бүтээл туурвидаг 5, 6 залуусыг сонгож, Базель хотноо аваачаад байна. Нөгөөтээгүүр, Базельд амьдарч байгаа монголчуудад эх хэлээрээ ярилцах хэрэгцээ дутагдаж байгааг үүгээр нөхөх санаатай юм. Монголоос Швейцар улсад суугаа элчин сайд Д.Гэрэлмаа энэ ажлыг маань дэмжиж, тэнд очсон уран бүтээлчидтэй цаг гаргаж уулздагт нь талархдаг.
