Саяхан БНСУ-д болсон улс төрийн үйл явдал дэлхий дахины анхаарлын төвд байсаар байна. Ерөнхийлөгч Юн Сук Ёл улс орондоо цэргийн онц байдал зарласан ч парламент цуцалж чадсан билээ. Азийн ардчилсан орнуудын нэг Өмнөд Солонгост ийм зүйл боломжтой гэж үү?
БНСУ-ын ойрын хөрш БНХАУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үйл явдлыг өргөнөөр мэдээллэж, шинжээчид дүгнэлт өгсөөр байна. Хятадын төв телевиз (CCTV), англи хэл дээр гардаг сонин Global Times, Синьхуа агентлаг, Huanqiu Shibao, Хонконгийн хэвлэлүүд газар дээрээс нь шууд дамжуулж байсан билээ.
Синьхуа агентлаг “Сөүл дэх өвөл: Юн Сук Ёлын 6 цагийн онц байдал зарласан эмгэнэлт, инээдмийн жүжиг” нэртэй нийтлэл гаргаж, “Сөүлийн хавар” кинотой харьцуулжээ. Өнгөрсөн жил гарсан энэ кино 1979 онд болсон Төрийн эргэлтийн талаар өгүүлдэг юм. Хятадын хэвлэлүүд саяын үйл явдал энэ кинотой яг ижил байгааг онцолжээ.
Ерөнхийлөгчийн гэргийн эсрэг эрүүгийн хэрэг
Синьхуа агентлагтай холбоотой Newtanqin аккаунтаас “Нэг шөнийн дотор өөрчлөгдсөн Өмнөд Солонгос: 10 чухал асуулт” нэртэй нийтлэл гаргаж, “Энэ бол жинхэнэ шок байлаа. Өмнөд Солонгос нойргүй нэг шөнийг өнгөрөөлөө” гэж бичсэн байна. Мөн өөрийн дүн шинжилгээндээ тулгуурлан “Хатуу ширүүн сөрөг хүчинтэй сөргөлдөхөөс гадна Ерөнхийлөгчид бас нэгэн хүчин зүйл, шалтгаан байсныг тоохгүй өнгөрөөж болохгүй. Энэ бол түүний гэргий, Тэргүүн хатагтайн эсрэг ард түмний хандлага байлаа” гэж онцолжээ. Энэ нь Тэргүүн хатагтай Ким Гон Хи цэргийн онц байдал тогтоосны гол шалтгаан байлаа гэж дүгнэхэд ч болох үг юм.
Newtanqin “Хайртай эмэгтэйнхээ төлөө дэлхий дахинд дайн зарлах нь зөвхөн ном зохиол, кинон дээр гардаг зүйл биш. Амьдрал дээр ч байдаг явдал. Цэргийн онц байдал гэдэг бол төрийн эргэлт гэсэн үг. Харин Төрийн тэргүүн өөрөө эргэлт хийх гэсэн нь хачирхалтай” гэжээ.
Хонконгийн South China Morning Post (SCMP) сонин “Ерөнхийлөгч Юн Сук Ёл онц байдал зарласнаараа өөрийгөө улс төрийн үхдэл болголоо” гэжээ. Үнэхээр одоо сөрөг хүчин, ард түмэн Ерөнхийлөгчийг улс орноосоо урвасан хэргээр баривчлахыг шаардаж байгаа юм.
Ингэхэд Ерөнхийлөгчийн хайр, тэргүүн хатагтай Ким Гон Хи яагаад ард түмэндээ үзэн ядагддаг юм бэ?
Тэд 2012 онд гэрлэсэн бөгөөд Ким Хи нөхрөөсөө 12 насаар залуу.
Юуны өмнө хатагтайг хамаатан садныхаа хамт хувьцааны үнээр тоглосон, их хэмжээний үл хөдлөх хөрөнгө завшсан гэсэн сэжиг явдаг. Шүүхэд шилжсэн, олонд ил тод болсон хэрэг нь Ким 3 сая воны үнэтэй Christian Dior цүнхийг бэлгэнд авсан нь хууль бус гэсэн хэрэг. Ерөнхийлөгч Юн Сук Ёл эхнэрийнхээ үнэтэй бэлэг авсныг албан ёсоор мэдэгдээгүй нь мөн хууль зөрчсөн гэж иргэний байгууллагууд хэрэг өдөөгөөд байлаа. Гэвч Шүүхээс энэ нь авлига авсан хэрэг биш гээд хэргийг өнгөрсөн зургаадугаар сард хаасан.
Энэ хэргийг мөрдөж байсан Авлигатай тэмцэх газрын өндөр тушаалын албан хаагч наймдугаар сард гэрээслэл үлдээгээд амиа хорлосон нь улам сэжиг төрүүлсэн нь ойлгомжтой. Тэр албан хаагч маш их дарамтанд байснаа гэрийнхэндээ ярьсан байдаг.
Энэ бүх хэрэг, шуугианд эхнэр нь холбогдож, эцэст нь Ерөнхийлөгч онц байдал зарлаж, хайртаа хамгаалах гэсэн байж болзошгүй гэж Хятадын хэвлэл үзэж байна.