Италийн супер модель Бьянка Балти бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэг загвар өмсөгчдийн нэг. Тэрээр Vogue, Harper’s Bazaar, W, Cosmopolitan, Elle, Marie Claire сэтгүүлүүдийн нүүрийг чимж, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг байлаа.
Хоёр жилийн өмнө Балти хорт хавдраас урьдчилсан сэргийлэхийн тулд хөхний булчирхайгаа авхуулж байсан. Харин энэ намар, есдүгээр сард гэдэс нь хүчтэй өвдөж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэхэд өндгөвчний хорт хавдар гэж оношлогдсон байна. Хавдар гурав дахь шатандаа орсон, бусад эрхтэндээ хэдийн тархсан байжээ. Ингээд бүсгүй хагалгаанд орсон, амжилттай болсон.
Одоо Балти химийн эмчилгээндээ ороод байна. Хүнд хэцүү өвчинтэй нүүр тулсан ч бүсгүй тун өөдрөг байгаа. Хагалгаанд орохоосоо өмнө эмч сувилагч нартай дандаа инээж харьцан, эерэг энерги хайрлаж байсан. Одоо ч тэр хэвээр.
Үсээ бүрэн хусуулж, өөрчлөгдсөн ч түүнийг бүгд дулаахан инээмсэглэлээр нь тэр дор нь таньсан.
Саяхан Балти олон нийтийн сүлжээнд Италийн хөтлөгч, сэтгүүлч Николо Де Девитистэй хамт авхуулсан зургаа хуваалцсан. Тэд “Бьянка Балтитай 48 цаг хамт Лос-Анжелест” нэвтрүүлэг хийж байгаа юм. Энэ нэвтрүүлгээр Балти эмэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэг, үзлэгт орж байхыг уриалах гэнэ. Ийм сайхан өөдрөг байхад эдгэрэх нь гарцаагүй.