Сүүлийн үед заалны барилдаанд зэгсэн сайн барилдаж буй Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжав 11-р сарын 21-ний өдөр допингийн шинжилгээнд хамрагдаж, 12-р сарын 14-ны өдөр хариугаа хүлээн авчээ.
Улмаар түүний сорьцноос ямар нэгэн хориотой бодис, допингийн төрлийн эм бэлдмэл илрээгүй гэдгийг өөрийн цахим хуудсаар зарлав.
Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжав шинэ цолтны иртэй, ассан зоригтой барилдаанаараа Монгол бахархлын өдрийг чимсэн нь өнгөрсөн сарын явдал билээ. Дархад нутгаас дүүрэн сайхан арслан тодорч буйг тухайн наадам гэрчилсэн юм.
Тэр өдрийн барилдаанд М.Баасанжав аварга О.Хангай, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Завхан аймгийн арслан А.Нармандах нарыг хаяж, шуугиулсан.
М.Баасанжав ид шуугиулах 24 насандаа Булганы наадамд түрүүлж, сумын заанаас шууд аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Мянган бөхийн наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн аргагүй эрэмбэ юм болохоор зориг нь багтаж ядан аархсан нь энэ.