Хэдхэн жилийн өмнө Европын хөлбөмбөгт гялалзсан тоглолтоороо гайхуулж, амтай бүхэнд шагшигдаж явсан үе түүнд бий. Гэвч өдгөө бол Арабуудад ад үзэгдэж, нутгийнхнаасаа ч таагүй үг сонсож яваа Неймарын хувьд цаашдын хувь заяагаа шийдэх чухал цаг мөч ойртож байна.
Тиймээс түүний амнаас унах үг бүр хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байх нь гарцаагүй биз ээ.
Неймар саяхан “RMC Sport”-д өгсөн ярилцлагадаа "Би хөлбөмбөгт үнэхээр дуртай. “ПСЖ”-д өнгөрүүлсэн он жилүүд миний замналын оргил үе байсан гэдэгтээ санал нэг байна. Гэвч миний замналын хамгийн сайхан цаг үе ч намайг гуниглуулдаг. Би дандаа л хүнд бэртэл авч байлаа. Гурав, дөрвөн сар, бүр хагас жилийн хугацаанд шаналах тийм хүнд бэртэлд зовдог байсан. Би нэг удаа бүтэн улирлыг талбайн гадна өнгөрүүлснээ ер мартдаггүй юм. 2020 оны Аваргуудын лигийн финалд шалгарсан маань л миний зүрх сэтгэл дэх гэрэл гэгээтэй цорын ганц мөчөөр зүрхнээ сийлэгджээ …” хэмээн ярьжээ.
Бразилийн од Неймар 2017 онд “Барселона”-гаас солилцооны наймааны зах зээлийн рекорд үнийн дүнг шинэчлэн ”ПСЖ” руу буурь сэлгэсэн билээ. Тэрээр Францын нийслэлд зургаан улирлыг өнгөрүүлээд Саудын Араб руу шилжсэн.
Неймар “ПСЖ” клубт тоглох хугацаандаа 12 цом өргөсний тав нь Лиг 1 тэмцээний аваргын цар байдаг. Тэрээр Францын үнэмлэхүй аваргуудын өмнөөс 173 тоглолтод оролцож, 118 гоол оруулсан түүхтэй.
Неймар Испанийн “Барселона” клубийн хамтаар Аваргуудын лигт түрүүлж, Месси, Суарез, Неймар гэсэн хослол бүх цаг үеийн хэмжээнд агуу хэмээн яригдахаар тийм аюултай довтолгооны хэсгийг бүрдүүлж байв.
Гэвч түүний замналын ихэнх цаг үе бэртэл гэмтэлд үрэгдсэн агаад өөрийнхөө зүгээс “ПСЖ” дэх мөч хормуудаа хамгийн дурсамжтай гэж зарласан нь энэ.