Канадын дуучин Селин Дион хуримынхаа 30 жилийн ойгоор талийгаач нөхрөө дурсан санаж, сэтгэл хөдлөм захидал илгээжээ.
Селин Дион, Рене Анжелила хоёрын хайрын түүх дэлхийд ховорхон. Анх 12 настай байхдаа Селин өөрөөсөө 26 насаар ах хөгжмийн продюсерт бичлэгээ үзүүлэхээр уулзаж байлаа. 1981 онд болсон тэр уулзалтаас хойш тэд салаагүй юм. 1986 онд 18 настайдаа Ренетэй анх болзож, ирэх жил нь Селин хайр дурлалаа сэтгүүлчдэд ил тод ярьсан. Аав ээж нь хэчнээн эсэргүүцсэн ч хайр дурлал ялсан. 1994 оны өвөл тэд Монреаль хотод асар том хуримын ёслол хийснийг Канадын төв телевиз шууд дамжуулан үзүүлж байв. 1998 онд Рене хоолойны хорт хавдар туссан нь мэдэгдлээ. Хоёр жил тэмцсэний эцэст хорт хавдрыг даван туулсан ч харамсалтай нь өвчин дахин ирсэн юм. Ренетэй анх уулзаж эхлэх үед нь аав ээж нь болиулах гэж оролдоход Селин “Бид бие биедээ хайртай. Үхэл л биднийг салгана” гэж хэлж байлаа. Үнэхээр үхэл л тэднийг салгасан. 2016 оны нэгдүгээр сарын 14-нд Рене 73 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Дион хуримынхаа 30 жилийн ойгоор доорх гэрэл зургийг оруулаад “Чи одоо ч бидний зүрхийг баяр баясгалангаар дүүргэсээр байна. Чи бидний хувьд бүх юм. Чамайгаа их санаж байна... Хайр минь, 30 жилийн ойн мэнд хүргэе” гэж бичсэн байлаа.