BLACKPINK хамтлагийн Женни ирэх жил бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр өөрийн агентлаг болох “OA Entertainment”-ийн вэбсайтад нийтлэгдсэн Зул сарын баярын бичлэг дээр энэ мэдээгээ хуваалцжээ. Мөн тус цомогт маш алдартай хоёр дуучинтай хамтарсан гэнэ шүү.
Женни "Би 11 сарын турш ажилласан ажлын үр дүндээ сэтгэл хангалуун байна. Удахгүй гарах цомог минь цоо шинэ дуу хөгжмийг дэлхий нийтэд танилцуулж, янз бүрийн хөгжмийн урсгалыг багтаасан, хэн бүхэн сонсож болохуйц цомог байх болно." хэмээн ярьсан байна.
Тэрээр энэ цомгийг амьдралынхаа нэг бүлэгт зориулсан хөгжмийн тусгал гэж тодорхойлсон. "Миний шүтэн бишрэгчид дууг минь сонсоод надтай илүү ойртсон мэдрэмж авах байх гэж найдаж байна" гэж тэрээр нэмж хэлжээ.
Женни мөн 2024 оныг эргэцүүлэн дүгнэн түүнд "маш их өөрчлөлт" авчирсан жил болж, ялангуяа "Мантра" дуугаа гаргасны дараа түүнд хувь хүний болон урлагийн хувьд өсөхөд нь тусалсан талаар ярьжээ.