Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан 12-р сарын 29-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө явагдана.
Энэхүү барилдаанд хүч сорих улсын заан Б.Бат-Өлзий давааны бай шагналаа түймэрт өртөж орон гэргүй болсон зургаан хүүхэдтэй өрхөд хандивлахаар шийдсэнээ зарлалаа.
Харин зааны эл сайн үйлсийн аяныг улсын аварга О.Хангай дэмжиж, байшингийнх нь дотор заслын материалуудыг авч өгнө гэж амлав.
Энэхүү барилдаан нь 2024 онд заалнаа зохион байгуулагдаж буй сүүлчийн наадам юм. Түүнчлэн бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах учир нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой оноолт бүхий шилдэг барилдаануудыг үзэх боломжтой.
Өнөө жил нийт бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж байна. Тэрбээр 2024 он гарснаар заалны 14 барилдаанд зодоглож наймд нь түрүүлээд байгаа юм.