Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Ээж, эмэгтэйчүүдийн тухай нандин дурсамж


Энэ удаагийн дугаараар бид ээжүүдийн тухай нандин түүхүүдийг уншигчдадаа уламжилж байна. Ээжүүд амьдралд ямар их хайр, ухаарлыг ойлгуулдаг юм бэ гэдгийг эдгээр түүхээр хүргэхийг зорилоо. Ертөнцийн бүхий л ээжүүдэд Мартын 8-ны баярын мэнд хүргэе!

1. О.Анхзаяа /24 настай/


ОХУ-д 2018 оны өвөл очиж мөрөөдлөө биелүүлэн, хайртай тамирчныхаа үзүүлбэрийг дэргэдээс нь үзээд аз жаргалаар дүүрэн буцаж ирээд удаагүй байлаа. Тэр үед ээж бид хоёрын хувьд хамгийн нандин хүн болох өвөөгийн минь бие гэнэт муудаж, олон хоног яваад ирсэн байсан болохоор ч тэр үү маш их харамсаж, өөрийгөө буруутган, нас барсан өглөө нь уйлж ч чадахгүй, яахаа мэдэхгүй сууж байж билээ. Би өөрийнхөө жаргалыг бодож, бусдыг анзаардаггүй байсан мэт санагдаж, хүсэн хүлээсэн зүйлээ биелүүлээд ирсэн ч жаргалтай санагдахгүй байв. Ээжийгээ хамгийн их өрөвдөж, бид хоёр олон оройг нулимстай, нам гүм өнгөрүүлсэн. Тэр үеэс хойш би их өөрчлөгдөж, өмнөх шигээ биш болсон. Ээж минь ч их гуниглаж, бид хоёрын амьдралд нэг л зүйл болохгүй болчихсон байлаа. Хэвийн амьдралдаа орж, ажилдаа шамдах гэж их л хичээв. Хийдэг байсан зүйлсээ хаяж, гарч орохоо ч больсон болохоор мөнгө дороо цугларч эхэлсэн юм. Тэгээд нэг л өдөр ажил дээрээ сууж байхдаа ер нь яагаад ээжийгээ аваад гадаадаар аялаад ирж болохгүй гэж бодсон. Тэр өдрөө ээжийг шууд гадаад паспорт захиалахыг ятгаад, гарсан даруйд нь Хятадаас Тайланд явах онгоцны тасалбар,  бас Бангкок хотоос Пукет арал явах тасалбар, байрлах буудлуудаа захиалсан юм. Ээж бид хоёр өмнө нь хамтдаа Эрээн рүү арайхийж явж байсан, бас л хоёр эмэгтэй гэдэг утгаараа айдастай байсан ч энэ удаад би юунаас ч айхаа больчихсон байсан. 

Өөр зүйлүүд хийх гэсэн ч мөнгө дутсан болохоор нэг өдрийн дотор л цалингийн зээлээ бүтээгээд, гуравдугаар сарын 8-нд ээждээ дугтуйнд боосон онгоцны тасалбар, очих газрын зургуудыг хэвлэмэл байдлаар өгч, дөрөвдүгээр сарын эхний долоо хоног гэхэд л Монголоос хөдөлсөн дөө. Бид хоёрын хувьд тэр аялал зүгээр л зүүд шиг байв. Туулсан адал явдал, учирсан хүмүүс, харсан байгаль орчин бүхэлдээ бид хоёрыг анагааж байлаа. Хятадад жаахан ядарч, тав тухгүй маягийн явж байж Бангкок хотод хүрсэн. Бид хоёрын хувьд газар дээрх диваажин болж үлдсэн дээ. Хамтдаа шар айраг ууж, хүссэн хоолоо идэж, хүссэн зүгтээ алхаж, унтдаггүй хотын шөнийг дээрээс харж байхдаа бид хоёр анх удаа ээж охидын тийм нандин аялал ямар том өөрчлөлт авчирч буйг мэдэрсэн юм. Бид юунд ч санаа зовохгүй инээж, хөөрөлдөж, далайн эргээр өдөржин шөнөжин алхаж байв. Бас тэндхийн Цагаан сарын баярыг тааруулж очсон болохоор сонин содон уламжлал, үйл явдлыг харж, хот даяараа зохиогдох усан байлдаанд оролцож, хэл усыг нь ч мэдэхгүй өчнөөн хүнтэй хормын дотор найз болсон. Бид тэнд байхдаа хорвоо дэлхий уужим, амьдралд олон зүйл тохиолдож, бүх зүйл нэг хэвэндээ үргэлж байхгүй гэдгийг ойлгож, сэтгэлээ бүрэн онгойлгож чадсан билээ. Энэ аялал хоёр долоо хоногоос ч удаан үргэлжилж, бид хоёр хамгийн сайхан мөчүүдийг мэдэрсээр эх орондоо хөл тавьсан. Гэтэл нөгөө зугтахыг хүсээд байсан газар минь ямар сайхнаар угтан авч, тэр мөчөөс л би дахин амьдарч эхлэх шиг болж, бид хоёул завгүй амьдралд хөл тавьсан даа. Одоо бодох нь ээ миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг нь гарцаагүй тэр аялал байсан юм. Заримдаа бид өөрсдийн амар амгаланг олж авахын тулд байгаа газраасаа хэсэгхэн ч гэсэн холдоод, зугтаад, адал явдал хайгаад үзэх хэрэгтэй. Дараа нь олж авсан, мэдэрсэн цоо шинэ мэдрэмжүүд танд мартагдашгүй өөрчлөлт авчирч, илүү жаргалтай амьдрах зориг зүрх, итгэл бэлэглэх болно гэдэгт итгэлтэй байна. Ээжтэйгээ, гэр бүлийнхэн, найз нөхөд, эсвэл бүр ганцаараа ч хамаагүй заавал аялж үзээрэй. Та бүхнийг өөр өнцгөөс харж эхлэх болно. 

2. М.Өүлэн /21 настай/


Би “хойд ээж” гэдэг үгэнд үнэхээр дургүй. Тиймээс би хойд ээжийнхээ тухай ЭЭЖ гээд л ярьчихъя. Хойд ээж, аав болгон муу байдаггүй юм шүү. Үнсгэлжингийн үлгэр, шар мэдээ болгон бүгдийг төлөөлөхгүй. 5-р ангид манай ангийн охин "Энэ танай хойд ээж чинь биз дээ" гэхэд нь би "Хойд биш" гэдгээс өөр үг хэлж чадахгүй ангиас гүйгээд гарч байсан. Хэрэв дахиж тийм байдалд орвол хэзээ ч тэгэхгүй. Хэнээс ч зугтахгүй. Хэний ч өмнө санаа зовнихгүй. Яагаад гэвэл би том хайр хүртсэн хүн. Миний бие өөрийгөө энэ хорвоо дээр байдаг нэлээдгүй азтай хүмүүсийн нэг гэж боддог. Яагаад гэж үү? Би хоёр ээжтэй. Хоёуланд нь туйлын их хайртай. Зарим хүмүүст хойд ээж, аав нь таагүй ханддаг байх. Миний хувьд тийм байгаагүй болохоор би өөрийгөө дандаа л азтайд тооцдог юм. Ээж маань хоёр эрэгтэй дүү төрүүлж өгсөн ч үргэлж миний боловсрол, хүмүүжилд санаа тавихын дээр бусад бүх зүйлд минь юу юунаас ч илүү анхаардаг байсныг санаж байна. Намайг том болохоор өөрийнхөө сурч байсан англи сургуульд оруулна гэж ярьдаг байсан нь биелэлээ олж би тэр сургуульд дунд сургуулиа төгссөн юм. Нэг өдөр ээж аавын талынхантай муудалцахдаа "Энэ хүүхэд миний хүүхэд болно!" гэж хэлсэн гэдэг. Ааваас минь олон насаар дүү залуухан эмэгтэй дэндүү хүчтэй бас зоригтой байсансан. Бараг би "эгч ээ" гэж дуудаж болохуйц тийм л залуухан хүн байсан юм. Том болоод би өөрийнхөө төрсөн ээжтэй амьдардаг болж ээж бид хоёр бараг уулзахаа больсон. Энэ хооронд ээж минь жоохон "дарс"-чин болсон байлаа. Нэг өдөр ээж сургуулийн урд халамцуу ирээд миний үсийг чихний хойгуур хийж өгөнгөө "Ээж нь сүлжээд өгье" гэсэн. Тэгэхэд нь би халамцуугаас нь ичиж "Та одоо яваачээ" гээд янз янзаар аашлах нь тэр. Надаас хичээнгүйлэн гуйсны эцэст үсийг минь боож өгөх зуураа ээж минь миний чихэнд 7-8 удаа "Ээж нь охиндоо хайртай шүү", "Ээж нь охиндоо маш их хайртай шүү" гэж давтан, давтан шивнэсэнсэн. Энэ бидний хамгийн сүүлчийн уулзалт байж. Харин одоо аль хэдийн 10 гаруй жил өнгөрчээ. Одоо миний ээж бурхны оронд байгаа. Үсийг минь илэнгээ өвөр дээрээ тэвэрч суудагсан. 

/Ээж надад энэ дууг байнга сонсгож, хамт дуулдаг байлаа./

Ээждээ зориулж бичлээ.

"Ээж ээ, ээж. Хааяа цээж хөндүүрлэх юм аа. Хаа нэгтээ нуугдаад өгмөөр, хана босгоод ханатлаа уйлаад гараад ирмээр. Ээж ээ, ээж. Хэн ч намайг тэврэхгүй юм аа. Халуун дотно юу ч алга, хаашаа л харна хэцүүхэн харцнууд хэмлэж орхих шиг л. Ээж ээ, ээж. Танд загнуулсны оройхон тэгэсхийгээд л гомдол арилна, танаас бусад нь намайг том хүн шиг л зандрах юм аа. Ээж. Санаснаар тань амьдрахгүй юм аа гэхэд санааг тань зовоолгүй амьдрах юмсан даа. Таны туулсан хорвоог тэврээс тань гадуур үзэхэд хүйтэн байна..."

Би таны хүссэн шиг оргилд хүрэхгүй байж мэдэх ч, таны өсгөсөн жаахан охин "хүн" болох гэж хичээж байгаа гэдгийг та минь харж байгаа тийм ээ? Та минь харин жинхэнэ эмэгтэй хүн байж, жинхэнэ хүн байж. Тандаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, өөрсдийнхөө дууг аялж өгье. Хайртай шүү.

3. А.Сайнбилэг /26 настай/


Би өсвөр насандаа эгчийнхээ хүүхдүүдийг харсаар байгаад нялх хүүхдэд дургүй болчихсон юм. Тэгээд бараг хүүхэдтэй болохгүйдээ гэж боддог байлаа. Тэгтэл хоёр охиноо анх хараад зүгээр л зүрх хайлчихсан. Гэдсэнд байхад нь их ярилцдаг байсан болоод ч тэр юм уу миний хоолойг таньж инээгээд л их хөөрхөн. Тэр үеэс би маш сайн аав байх ёстой гээд өөртөө илүү өндөр шаардлага тавьдаг болсон. Ядарсан үедээ хааяа гэртээ тус болж чадахгүй байгаа юм шиг санагдаж, өөрийгөө голдог байлаа. Тэр мэдрэмж заримдаа намайг стресстүүлнэ. Нэг өдөр охиноо ажиглаад сууж байтал охин минь хоёр гар дээрээ тулаад толгойгоо өргөх гэж оролдсоор байв. Огт бууж өгөхгүй давтсаар байгаад тэр зүйлээ хийж сурав. Тэрийг харснаас хойш бараг шинэ зүйлс оролдож үзэх бүртээ зөндөө их алдсан ч хичээсээр байгаад хийж сурдгийг анзаарав. Бодоод байхад хүн бүр л тийм юм билээ. Нэг алдаад л шууд сурчихдаг тохиолдол тийм их байдаг гэж үү? Энэ бүхнээс би өө сэвгүй, алдаа мадаггүй байх гэж өөрийгөө хэт шахахаа больсон. Охидуудтайгаа өнгөрөөх аз жаргалтай мөчүүдээ илүү сайн мэдэрч, тэдэндээ цаг гаргахдаа анхаардаг болсон. Ямар ч алдаа гаргасан бай өөрийнхөөрөө бүх сэтгэл зүрхээрээ сайн хичээгээд байхад болдог, бүтдэг юм байна гэдгийг 2 охин минь үйлдлээрээ надад зааж өгсөн юм. Хоёр үрдээ болон охидыг минь эрүүл саруул, халамжаар дутаахгүй маш сайн өсгөдөг ханьдаа хамгаас их хайртай.

4. Д.Занабазар


Миний ээж бол маш хүчтэй эмэгтэй. Хүчтэй гэдэг нь миний бодлоор ажилсаг, тууштай, тэвчээртэй хүнийг хэлнэ гэж боддог. 2012 онд ээж маань хөхний хорт хавдар тусаад нэг жилийн турш химийн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед нэг жилийн турш миний сэтгэл санаа маш тогтворгүй яг галзуу хүн шиг л байлаа. Би ээжийгээ өвдөж шаналж байхад хангалттай тусалж чадахгүй байгаадаа өөртөө дургүй хүрч, их сургуульд сурахынхаа хажуугаар хагас цагийн ажил хийж дээрээс нь тэтгэлэг авдаг байлаа. Химийн эмчилгээг хүн болгон давж гардаггүй. Хүний биед маш аюултай тэр эмчилгээний ард гарлаа ч гэсэн дараа нь хүний амьдрал богинохон байдаг юм байна гэдгийг би ухаарсан. Ээж маань үр хүүхэд нь л сайн явж байвал түүнээс илүү өөрийг нь баярлуулах зүйл байхгүй гэж хэлдэг. Тийм учраас сүүлийн зургаан жил би гадаадад сурч боловсорч, аялж, англи, хятад хэлээ ашиглан ажил хийн, олон газар үзэж явахаас гадна аяллын дурсамжаа ээж, аав, эмээтэйгээ хуваалцаж тэднийгээ баярлуулахыг хүссэн юм. Жилдээ ганц хоёр удаа Монголд ирэхдээ тийм ч их бэлэг сэлт авчирдаггүй байлаа. Яагаад гэвэл тэр мөнгөө цуглуулаад нэг, хоёр жилийн дараа илүү том аяллын бэлэг өгвөл ээжийгээ баярлуулна гэж бодсон. Тэр хүслээ ч биелүүлсэн. Гэр бүлдээ өгч болох хамгийн гоё бэлэг бол хамтдаа явсан аяллын дурсамж гэж боддог. Ээж маань ээжийгээ буюу эмээг маань аялалд авч явахыг миний л адил хүсдэг байсан юм байна лээ. Ээж, эмээ хоёрыгоо давхар баярлуулсан гэдгээ аялалаас ирсэн хойноо мэдсэн. Ээжийн маань надад өгсөн хамгийн сайхан бэлэг бол ээжийн үлгэр дуурайлал, тэвчээртэй байдал, хүнийг байгаагаар нь ялгахгүй харьцдаг зан чанар гэж боддог. Зөвхөн гуравдугаар сарын 8-ны өдөр биш, өдөр бүр баяртай байгаасай гэж хүсдэг жүү Маа. Миний ээжийг Баярмаа гэдэг ч Маа гэж дууддаг юм.

5.  Б.Алтай /32 настай/


Ээж маань Германд амьдраад 20 гаруй жил болж байгаа юм. Хүн ер нь өөрөө ээж, аав болж байж эцэг, эх байхын жаргал зовлонг мэдэрдэг гэж үнэн санагддаг. Ээжтэйгээ уулзаагүй хоёр жил болжээ. Бага байхад л ээж минь хэнийг ч ялгалгүй үргэлж тусч, өрөвчхөн, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй ханддаг байсан. Одоо ч тэр хэвээрээ. Би ээжийнхээ энэ сайхан чанаруудыг өвлөж авсандаа үргэлж баярлаж явдаг. Охиноо яг л ээж намайг яаж өсгөсөн түүн шиг зөв бодолтой, зөөлөн энэрэнгүй сайн хүн болгох юмсан гэж хичээж явдаг. Алс хол хүний нутагт суугаа хамгаас хайртай ээждээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! Хүү нь хайртай шүү <3


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.