Загвар өмсөгч Ж.Энэрэлийн "Hypechase.com" сайтад энэ оны хоёрдугаар сард өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Холбоотой нийтлэл: Ж.Энэрэл дэлхийн загварын ертөнцөд "цахиур хагалж" буйг илтгэх 15+ гэрэл зураг
Hypechase:
Загвар өмсөгч Eny Jaki (Ж.Энэрэл) олон улсад Монголыг төлөөлөн, тэргүүлж яваа гэхэд хилстэхгүй. Түүний карьер зогсолтгүй өсч, Милан, Парис, Нью-Йорк зэрэг загварын ертөнцийн нэр хүндтэй замналд хөтлөөд байна. Амжилтын түүхийг дагуулах мөрөөдлийн ард хүсэл тэмүүлэл, бэрхшээл, хувийн хичээл зүтгэл байдаг билээ.
- Та одоогоор Берлинд амьдарч байгаа. Тэнд амьдрах ямар байна?
Би энд ажлыг шугмаар 2020 оны хоёрдугаар сард ирсэн боловч коронавирусийн улмаас нэг жилийг өнгөрүүлжээ. Карьерийн хувьд авууштай ч гэр бүл, хүүгээ санаж байна. Би Берлинд, энд амьдардаг эрх чөлөөтэй, сонирхолтой хүмүүст дуртай. Өмнө нь би ингэж их гадаад ертөнцтэй харилцаж, тэдний хэрхэн хөгжилддөг, юу боддог талаар судалж байгаагүй. Яг одоогийнх шигээ олон найз нөхөдтэй байсан удаагүй. Энэ нь надад ихээхэн эрэл хайгуул болж байна.
- Загварын салбар Монголын соёлын нэг хэсэг үү?
Монголд загварын агентлагууд нэлээдгүй бий. Би ч тэндээс гараагаа эхэлсэн. 17 настай байхад ээж намайг дагуулан загварын агентлагт бүртгүүлж байсан. Би ер нь эршүүд хүүхэд байсан болохоор алхаа гишгээ, биеэ авч явахад суралцуулахыг хүссэн хэрэг. Тэгэхэд арьс, үс, хумсаа арчлах гэх мэтэд огт анхаарч мэддэггүй, загварын ертөнц гэж чухам юу болохыг ч мэддэггүй байсан. Тэгээд агентлагт явж эхлээд энэ чиглэлд маш хурдан татагдсан. Тэд намайг загвар өмсөх үү гэсэн. Хичээлийн хажуугаар хийх сонирхолтой байсан учраас би зөвшөөрсөн. Яг загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн эхний жилдээ "Говь кашмер"-т ажилласан. Тэгээд "Монгол Модел Агентлаг"-т орсон.
- Мөн олон улсад ажилласан?
Агентлагаас намайг Сингапур явуулсан нь миний анхны олон улсын туршлага болсон. Тэгэхэд тийм ч сайн ажиллаж чадаагүй. Гэсэн ч урагшилсаар, Азиас гадуур ч надад боломж бийг олж харсан. Тэгээд АНУ болон Европын агентлагууд руу зургаа илгээх болсон. Улмаар Монгол брэндийг төлөөлөн Нью-Йоркт очих боломж гарч, тэнд одоогийн скаут директортойгоо танилцсан. Тэр намайг бүх агентлагуудтай маань холбож өгсөн нэгэн.
- Тэгэхээр тэндээс ажлаа эхэлсэн гэсэн үг үү?
Би Нью-Йорк, Парис, Лондон зэрэг хотуудад ажиллах болсон. Одоо би олон жил загвар өмсөөд байгаа ч эхнээсээ л бүтэн цагийн ажил байгаагүй. Одоо би Герман, Парис, Милан, Нью-Йоркын загварын агентлагуудтай ажилладаг. Саяхан Models.com-д бүртгэгдсэн. Өмнө нь энэ сайтаас загвар өмсөгчдийг хардаг байсан бол одоо өөрөө нэг нь болсондоо баяртай байгаа. Би одоо л өөрийгөө мэргэжлийн загвар өмсөгч гэж хэлж чадахаар боллоо шүү дээ.
- Томоохон брэндүүд таныг сонгодог. Юу таныг онцгой болгодог вэ?
Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Эмэгтэйлэг загвар өмсөгчдийг төдийлөн сонгохоо больж байна. "Black Live Matter" хөдөлгөөн, соёлын ялгаа, жендерийн эрх тэгш байдал зэргээс шалтгаалан бүгд шинэ сонирхолтой дүр төрхийн эрэлд гарч байна. Брэндүүд загвар өмсөгчдөө сүпер күүл, авьяастай, онцгой байлгахыг хүсдэг.
Би өөрийгөө илүү танин нээхийн тулд үсээ тайрсан. Би илүү өөрийнхөөрөө болж, улмаар агентлагууд намайг илүү их сонгох болсон. Биеийн хэлэмж, царайны хувирлаараа би күүл байхыг хичээдэг. Одоо загварын ертөнц хэт туранхай загвар өмсөгчдийг сонгохоо больж байна. Плас загвар өмсөгчид гайхалтай сайн ажиллаж байна. Өөрийнхөөрөө байх нь шинэ дүр төрх.
- Ази-Монгол загвар өмсөгч байхын онцлог юу вэ?
Би Ази охидыг илүү их төлөөлж байх шиг байна. Хүмүүст Монголоос ирсэн гэж хэлэхэд багагүй гайхширч, намайг ер бусын онцгой болгох шиг санагддаг. Монголд загвар өмсөхөд гадаад ертөнцтэй төдийлөн холбоо харилцаа байдаггүй. Тийм харилцаа холбоотой агентлаг Монголд байдаггүй учраас гадаад руу гарах хэцүү.
Гэхдээ энд ирсэн хойно хүмүүс чамайг хувь хүн гэж хандахаас биш хаанаас ирсэн чинь сонин биш. Модел бол модел. Хамбург хотод ажиллаж буй загвар өмсөгч О.Ариунзул бид хоёр Монголыг гадаадад төлөөлж яваа анхны хоёр модел болж байх шиг байна. Монголд ийм загварын агентлаг одоогоор байхгүй ч энэ зөвхөн эхлэл гэж би боддог.
- Та камертай хэрхэн харилцдаг вэ?
Би камертай харилцах ёстой. Камер хармагцаа яг л могой шиг хөдлөх хэрэгтэй болдог. Цугтаа хөдөлж, камерын өнцөг хаанаас тусч буйгаас хаашаа харахаа шийддэг. Онцгой харилцаа л даа. Би бүжгийн урлагт дуртай. Тэр урсгал дунд байгаа л бол өөрөө камерын нэг хэсэг болохоос аргагүй.
Би камерын өмнө байх дуртай. Бие давхар байсан нэг жилдээ их санасан.
- Та хэрхэн ур чадвараа тасралтгүй хөгжүүлдэг вэ?
Загварын курст би жүжгийн, бүжгийн болон ерөнхий тайзны алхааны хичээлд суралцсан. Гэхдээ хувь хүний замнал хувь хүнийг илүү онцгойруулдаг. Би олон янзын хүмүүстэй ажилласнаар их зүйл сурсан. Жишээ нь, хоёр жилийн өмнө кинонд дүр бүтээсэн нь одоогийн загварын ур чадварт маань их нөлөөлж, загвар өмсөхдөө жүжиглэх болсон. Нүүр царайны шинэ хувирал үүсгэж, шинэ зүйл турших болсон.
Би өөрөө өөрийнхөө чиглүүлэгч бөгөөд сэтгүүл, заавар бичлэг, бусад загвар өмсөгчдийн ажил гэх мэт өөр өөр эх сурвалжуудаас урам зориг их авдаг. Эхэндээ би толинд хараад өөр өөр поз авч, өнцөг туршиж үздэг байсан. Удалгүй автоматаар хийдэг болж, зориуд хийж буйгаа ч мартчихдаг.
- Зураг авахад гэрэл зурагчин хэр чухал вэ?
Бид бие биетэйгээ харилцаж, нэгнээ тав тухтай байлгах ёстой. Тэгэхээр гэрэл зурагчнаар ажиллавал загвар өмсөгчтэйгээ харилцаж, аль болох тайван тухтай байлгах хэрэгтэй. Шинэ загвар өмсөгч байвал хошигнол хэлэх ч юм уу, харилцвал зүгээр. Эс бөгөөс сайн зураг бүтэхгүй шүү дээ.
Бид ихэвчлэн өглөөний цагаар ямар санааны төлөө хэрхэн багаар ажиллах чиглүүлэг буюу "mood board"-оо гаргадаг. Ингэснээр хоорондоо харилцаж, хийж буй төсөлдөө юу болох, болохгүйг ярилцан ойлголцдог. Ур чадвараа хөгжүүлэхийн тулд би йога хийж, сөрөг муу бодлоо даван туулахыг хичээдэг.
- Загвар өмсөхийн сайн муу тал нь юу вэ?
Сайн тал нь маш олон авьяаслаг хүмүүстэй уулзаж, ажилладаг. Өөр өөр улсаар аялах нь их.
Нөгөө талаасаа маш их хэцүү бэрх зүйл бий...
Заримдаа маш хүйтэнд гадаа зураг авах хэрэгтэй болдог. Нэг газраа 10 цаг огт хөдлөхгүй зогсох нь ч бий. Нэг зураг авалтаас нөгөө рүү гэхчлэн олон улс руу нисэх хэрэгтэй болдог учир аялах заримдаа хэцүү.
Маш их тэсвэр тэвчээртэй, сэтгэл зүйн хүчтэй байх хэрэгтэй. Ялангуяа эхний жил би маш их ганцаарддаг байсан. Уулзсан хүн бүр л хаа нэг тийшээ аялж яваа учраас найз нөхөдтэй болоход хэцүү. Маш их энерги шаарддаг боловч үнэхээр үүндээ дурлаж чадвал гайхалтай ажил.
- Та дүр төрхөө бүрдүүлэхийн тулд зорилттой ажилладаг уу?
Өнгөрсөн жил би голцуу сурталчилгаанд ажилласан болохоор илүү өндөр зэрэглэлийн загварт хүч сорихыг хүссэн. Тэгээд үсээ тайрсан. Бид агенттайгаа ярилцаад өөрийн дүр төрх бүхий зураглалыг бүтээж, ерөнхий хандлага болон дүр зургаа сонгосон.
Өөр бусад брэндийн сонгон шалгаруулалтыг агентлагаас шийддэг учраас би тэр бүр оролцдоггүй. Тэд надад цаг хуваарилж, төлөвлөж өгдөг.
Гэхдээ миний үнэхээр юу хүсч, ямар чиглэлд ажиллахыг хүсч буйг сонсож, ярилцсаны үүдэнд хийдэг. Миний авахыг хүсч буй цалин, хийхийг хүсч буй ажил, томоохон брэндүүдтэй ажиллах уу гэх мэт...
- Загвар өмсөгчид эхэн үедээ ямар алдааг голцуу гаргадаг вэ?
Эхэн үед миний хийсэн хамгийн том алдаа бол өөрийгөө бусад улс орны үзэсгэлэнтэй загвар өмсөгчидтэй харьцуулсан явдал юм. Өөрийн жин, хэмжээгээ харьцуулснаар сэтгэлээр унах нь буруу байсан.
Одоо би тэдгээр зүйл ямар ч хамаагүй, ердөө өөрийнхөөрөө байх нь л чухал гэдгийг ойлгосон.
- Та Монголын хувцас загварыг дагадаг уу?
Мэдээж, тэгэлгүй яахав! Монголын хувцас загвар сайжирсаар байна.
Гэхдээ мэргэжлийн стилистүүд хангалтгүй байна. Ихэвчлэн дизайнер, гэрэл зурагчид стилист хийж байна. Арт директор байхгүйгээс нэг хүн бүх зүйлээ хийдэг. Тэгэхээр гайхалтай зураг бүтээх тун хэцүү.
Үс засалт, нүүр будалтын хувьд, бид дэлхийн трэндээс цөөн жилээр хойно явж байна. Европт жишээ нь, бид ихэвчлэн натурал бүтээгдэхүүнийг үс, арьсанд ашигладаг. Заримдаа зураг авалтад бүр ч юу ч хэрэглэхгүй байх нь бий. Харин Монголд натурал гэдэг ч үнэндээ яг натурал биш байдаг.
Хэрвээ Монголд загварын ертөнцийг хөгжүүлье гэвэл энэ мэт салбараа бид хөгжүүлэх хэрэгтэй байх.
- Улаанбаатарт буцаж ирээд хийхээр төлөвлөсөн ажил бий юү?
Улаанбаатарт буцаж очоод загварын сургалт нээж, шинэ загвар өмсөгч нарыг нээн, олон улсад гарахад нь туслахыг хүсч байна. Би тэр хилийг давах гэж удсан болохоор тэдэнд гүүр гарц нь болж, илүү хялбараар тэр замыг гаргамаар байна.
Мөн кино найруулга болон хоолны соёлыг дэлгэрүүлэх төсөлд ажиллахыг хүсч байна.
Ж.Энэрэлийн агентлагууд: Mirrrs, The Claw, M&P, New York Model, I-d Studios
Ярилцсан: Hypechase-ийн үүсгэн байгуулагч Adrien de Ville