UBLife Logo
Спорт

Ёкозүна цол горилогчид өгсөн боломжийг ашиглаж чадах уу?

Ёкозүна цол горилогчид өгсөн боломжийг ашиглаж чадах уу?

Японы нийслэлд мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё явагдаж байна. Энэ тэмцээний гол онцлог нь хоёр озэки амжилттай барилдвал ёкозүна цол хүртэх боломжтой байгаа. Сүүлийн хэдэн жил ганцаараа ёкозүна цолтой барилдсан Тэрүнофүжи гэмтэл бэртэл ихтэй байгаа тул дараагийн аварга холбоонд тун хэрэгтэй байгаа. Ялангуяа энэ жилийн намар Лондонд сүмо бөхийн тойргийн барилдаантай. Тэр үед гадаадын үзэгчдэд ёкозүнагийн дохёнд гарах ёслолыг заавал үзүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс Котозакүра, Хоошёорюү хоёрт маш сайхан боломж гарч ирээд байгаа юм. Сүмо холбооноос Котозакүрад үзүүрлэхэд л ёкозүна цол олгочих санаатай байгаа.

Гэвч тэмцээний эхний хоёр хоногийн байдлаар цол горилогчдын хувь заяа эсрэг тэсрэг байна. Котозакүра хоёр дахь өдөр л эхний ялагдлаа амссан. Комүсүби Абид бярдуулаад, түлхүүлээд, юу ч хийж чадсангүй. Ийм бөх ёкозүна болчихвол тун удалгүй зодог тайлахаас өөр аргагүй болох юм биш байгаа гэсэн бөх сонирхогчид санаа зовж байгааг үгүйсгэж болохгүй.

Манай озэки Хоошёорюүгийн хувьд түрүүлэхэд ёкозүна болно. Гэхдээ аз, ёндоо нь таарвал үзүүрлээд ч аварга болох боломжтой. Үүнд Котозакүрагийн барилдаан бас нөлөөлнө. Ямар ч гэсэн эхний хоёр өдөр тун хянамгай сайхан барилдаж давлаа. Цагаан хэл амнаас болгоомжилж, магтахаа азная.

Өчигдөр ёкозүна Тэрүнофүжи маэгаширагийн манлай бөх Таканошёог ялж, анхны даваагаа авлаа. Эхний өдөр ердөө нэг секундэд Вакатакакэгэд өвдөг шороодсон аварга “Өчигдөр толгойд янз бүрийн юм орж ирээд тун харамсалтай ялагдсан. Энэ даваа итгэл болж өглөө. Хацү башёд чадах юмаа бүгдийг нь гаргаж, чадахгүй бол чадахгүй юм байна гэдгээ шийдэх зорилготой байгаа. Өнөөдөр ордонд ээж, эхнэр, хүү гурав ирж үзсэн. Ялж байгаагаа харуулсандаа баяртай байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Өнөөдөр ёкозүна Тэрүнофүжи Киришиматай, озэки Котозакүра Тобизарүтай, озэки Хоошёорюү Вакатакакагэтай барилдана.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.