Хятадын цахим сүлжээнд одоо жинхэнэ тренд болж байгаа нэгэн зүйл байна. Нөхөрт гараагүй, залуу бүсгүйчүүд хиймэл гэдэс ашиглан, жирэмсэн мэтээр зургаа авхуулдаг болжээ. Үүний ачаар тэд залуу насныхаа сэтгэл татам үеийг гэрэл зурагт мөнхлөхийг хүсэж байгаа юм.
Бүсгүйчүүд түүнийгээ “Жинхэнэ жирэмсэн болсон үед гэрэл зураг авхуулахад биед өөрчлөлт гараад муухай гарна. Одоогоос бие давхар болсон үед сүлжээнд цацах зургаа бэлтгэж байгаа юм” хэмээн тайлбарлажээ.
Хуурамч жирэмсэн зураг авхуулах моод гарснаар бие давхар байх үе шат болгонд тохируулсан хиймэл гэдэсний борлуулалт эрч өсжээ.
Харин ахмад настнууд “Эрт дээр үед хуримаа хийгээгүй байж, бие давхар болохыг шившиг гэж үздэг байсан. Тэгвэл яагаад одоо залуучуудын тренд болоод байна вэ” гэж хилэгнэнэ. Мөн тэгвэл одоогоос 70 настай үеийнхээ “хөгшин” зургийг авхуулъя, үхээд авсанд хэвтэж байгаа зургаа ч эртхэн бэлтгэе гэж даажигнах хүмүүс ч байгаа юм.
Эмч, судлаачид энэхүү шинэ трендийг гоо үзэсгэлэнгийн эрүүл бус хандлага үүсгэж байна, мөнхийн залуу нас, гоолиг биеийг магтан дуулснаараа ээж болох гэж байгаа эмэгтэйчүүдэд биеэсээ ичих эмгэг үүсгэлээ гэж шүүмжилж байгаа юм.