Катарт болж байгаа Израил, ХАМАС-ын Газын зурваст гал зогсоох хэлэлцээр тун урагштай явагдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж байна. ХАМАС-ын тал барьцаанд байгаа 34 хүнийг суллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Израил хариуд нь гал зогсоох болж байгаа гэнэ.
Израилын ГХЯ-ны сайд Гидеон Саар “Бид барьцаанд байгаа хүмүүсээ эргүүлэн авах хүсэлтэй байна. АНУ-ын Засгийн газар ч үүнд идэвхтэй тусалж байгаа” гэж Иерусалимд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө хэлэлцээрийг дуусгахаар тун хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа ажээ. Ойрын хэдэн өдөр 15 сар үргэлжилсэн дайныг зогсооход шийдвэрлэх үе байх юм.
AP агентлагийн мэдээлснээр Ойрх Дорнодыг жил гаруй донсолгосон цуст мөргөлдөөн дуусах нь хэмээн дэлхийн олон нийт итгэл тавьж байгаа ч Израилд гал зогсоохыг эрс эсэргүүцсэн хүчин байсаар байгаа нь хэлэлцээрийг аюулд оруулах гол хүчин зүйл болж магадгүй байгаа гэнэ. ХАМАС бүлэглэлийн хувьд энэ маягаар дайтсаар байвал дайчдаа бүрэн алдаж, устах эрсдэлтэй тул дайныг зогсоож, түр амьсгал авах хүсэлтэй. Гэвч Израилын Засгийн газрын нөлөө бүхий арван гишүүн Ерөнхий сайддаа хандан, хэлэлцээр байгуулахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Хэт барууны үзлээрээ алдартай Сангийн сайд Бецалель Смотрич “Газын зурваст тамын хаалга нээж, ХАМАС-ыг бууж өгтөл буудах ёстой” гэж үзэж байгаа. Тэд ХАМАС-ыг суларсан дээр нь нэг мөсөн нам дарах бодолтой байна.
Катарт болж байгаа хэлэлцээрт Израилын талаас Аюулгүй байдлын агентлагийн тэргүүн (Шин-Бет) Ронен Бар, Моссад-ын захирал Давид Барнеа, ЦАХАЛ-ын барьцаанд байгаа иргэдийн асуудал хариуцсан хошууч генерал Ницан Алон нарын томчууд оролцож байгаа. Трампын бие төлөөлөгч Стив Виткофф Израилын талд, Катарын Засгийн газар ХАМАС-д шахалт, дарамт үзүүлсний ү дүнд хэлэлцээр ахицтай болж байна.
Саудын Арабын “Al Arabiya” сонинд бичсэнээр хэрэв хэлэлцээр амжилттай өндөрлөвөл Израил Газын зурвасын зарим дүүргээс цэргээ 42 хоногийн дараа гаргана. Тус бүс нутагт үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, цаашдаа Газын зурвасаас бүрэн гарна. Мөн Израилын шоронд бүх насаараа хоригдох ял авсан 50 палестин хоригдлыг суллах болжээ. Цаашдаа барьцаанаас суллагдах нэг израил эмэгтэйн оронд 50 эмэгтэй палестин хоригдлыг суллахаар тохиролцоонд хүрээд байгаа юм.