БНСУ-ын охидын BLACKPINK хамтлагийн дуучин Rose Ким Кардашьяны SKIMS брэндийн Гэгээн Валентины өдөрт зориулсан загварын элчингээр ажиллахаар болжээ. Тус брэнд гэрийн хувцас, дотуур хувцасны шинэ цуглуулга гаргаад байгаа юм.
Rose тайзны нэртэйгээ адилхан улаан, ягаан өнгийн хувцастай, 1980-аад оны стилийг орчин үеийн загвартай хослуулсан, хөөрхөн pin-up girl дүрээр зургаа авхуулжээ.
Тэрээр “Гэгээн Валентины өдөр миний хувьд маш онцгой өдөр байсаар ирсэн. Төрсөн өдрөөс минь хэдхэн хоногийн дараа болдог болохоор тэр юм уу, надад миний хоёр дахь баяр мэт санагддаг. Миний төлөөлж байгаа энэ загварууд нэг талаас романтик, нөгөө талаас их хөөрхөн. Энэ загваруудыг та өмсөөд яг над шиг өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй байгаарай. Би фэнүүддээ зориулж, энэ өдөр бэлэг бэлэглэж байгаагүй. Харин энэ жил жинхэнэ бэлэг бэлдсэн шүү” гэж өгүүлжээ.
Харин Ким Кардашьян “SKIMS-ийн шинэ загвар, арга хэмжээ болгон хит, моод болох тооцоотой хийгддэг. Rose энэ зорилгод яг тохирсон уран бүтээлч. Түүний эрч хүч, эрхэмсэг төрхийг давтаж чадах хүн үгүй. Розэ бол 2025 оны Валентины өдрийн төгс бэлгэ тэмдэг юм. Манай шинэ загвар романтик, хөгжилтэй. Тэр энэ бүгдийг гаргаж чадсан” гэж магтсан байна.
“Vogue” сэтгүүлээс түүнтэй уулзаж, Валентины өдрийн талаар ярилцжээ.
-Таны хувьд энэ өдөр?
-Тэмдэглээд байдаггүй ч хувийн холбоотой өдөр мэт санагддаг. Учир нь төрсөн өдрөөс минь хэдхэн хоногийн дараа болдог. Тийм болохоор SKIMS-ийн арга хэмжээнд оролцох санал аваад шууд зөвшөөрсөн.
- SKIMS брэндийн ямар бүтээгдэхүүнд дуртай вэ?
- Soft Smoothing Seamless’ надад их таалагдсан. Би авах гээд онлайнаар орох болгонд дандаа зарагдсан байдаг байлаа. Онлайн-шопинг заримдаа сэтгэлээр унагаадаг шүү. Харин энэ арга хэмжээний дараа тэд надад илгээж магадгүй юм.
-Валентины өдөр хийдэг ямар нэг уламжлал байгаа юу? Магадгүй эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн Galentine’s Day өдрөөр эмэгтэй найзуудтайгаа уулздаг уу?
-Гунигтай санагдаж болох юм. Би нэг удаа шоколадтай жигнэмэг хийгээд хамтлагийнхаа охид, продюсер, дэргэд байсан бүх хүнд бэлэглэж байлаа.
-Гэгээн Валентины өдрийг төгс тэмдэглэнэ гэвэл та ямар газрыг сонгох вэ?
-Төгс тэмдэглэнэ гэвэл бүх амьдралынхаа хайртай хамт дэлхийн хамгийн сайхан газарт, зун тэмдэглэх байсан. Хайр дурлалд умбаад л. Хүн болгон ийм романтик аяллыг мөрөөддөг байх.
-Яг одоо салж хагацсан байгаа хосуудад өөрийнхөө ямар дууг сонс гэж зөвлөх вэ?
-Гэгээн Валентины өдрөөр ганцаараа байна гэдэг гунигтай. Манай Солонгост энэ өдрийг Америк шиг өргөн тэмдэглэдэггүй болохоор хэрэв би тэр өдөр салсан байлаа гээд нэг их гуниглахгүй болов уу. Харин энд АНУ-д хагацсан хүмүүст энэ өдөр их хүнд байдаг байх. Тэдний сэтгэлийг засах нь зүйтэй гэж үзээд ‘Dance All Night’ дуугаа санал болгоно. Энэ дуу гунигтай ч итгэл найдвар хайрладаг. “Бүх юм зүгээр. Энэ өдрийг бүжиглээд л өнгөрөө” гэсэн утгатай.
-2025 онд та аялан тоглолт хийж, шинэ цомог гаргах уу?
-Бурхан минь, арай эрт байна. Би ганцаарчилсан тоглолт хийхийг хүсэж байгаа ч болоогүй. Учир нь би бүх юм, жижигхэн зүйлийг ч яг таг, бэлэн байлгахыг шаарддаг, хүсдэг хүн. Тоглолт хийх болохоор зарлана.