Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдээр явагдаж буй Парисын Их дуулга тэмцээнд 50 улсын 298 жүдоч зодоглож байна.
Энэхүү тэмцээнд Монголын 12 бөх хүч сорилоо.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд АНЭУ-ын өмнөөс барилдсан Бишрэлтийн Хорлоодой эхний тойрогт гоц мөргөж, эзэн орны бөх залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Берес Леаг ялсан. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Азийн АШТ болон Токиогийн Их дуулга тэмцээний үзүүр бөх Фужиширо Кокород уналаа. Кокоро эл тэмцээнд нутаг нэгт тамирчин Омори Кизумитай финалдаж, мөнгөн медаль зүүсэн юм.
Тэд өнгөрсөн жил Токиогийн Их дуулга тэмцээний шигшээ барилдаанд учраа таарахад мөн л Омори ялж байв.
Б.Хорлоодой дагах барилдаанд Нидерландын бөх Их дуулга ангиллын нэг хүрэлтэй Ван Кревелийг давж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Косовогийн тамирчин олимпын наадмын түрүү, үзүүртэй, ДАШТ-ий хошой хүрэл медальт Красникид ялагдсанаар V байрт шалгарлаа.
Парисын Их дуулга тэмцээн өнөөдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжилнэ.
Уг тэмцээний араас Баку, Ташкент, Тбилис гээд залгаа хэд хэдэн том тэмцээн биднийг хүлээж байна.