Хоёрдугаар сарын 2-ны өдөр Алдар спорт харооны зааланд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо.
Сүүлийн үед заалнаа зэгсэн сайн барилдаж буй цэргийн арслан Б.Өлзийсайхан, цэргийн заан Ө.Батсуурьтай, аймгийн арслан Г.Цоггэрэл, цэргийн арслан Д.Цэрэннямтай нэгийн даваанд оноолтоор таарч барилдсан нь энэ наадамд хэр чансаа өндөр бөхчүүд зодоглосныг бэлхэнээ илтгэх биз ээ.
Эл барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр долоо давж түрүүлэв. Тэрбээр Үндэсний Их баяр наадмаас хойших анхны түрүүгээ гардсан нь энэ.
Харин үзүүр бөхөөр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар тодорлоо.
Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Батмагнай нар шалгарсан.
Түүнчлэн “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожид, “Дайчин барилдаан”-ы тусгай шагналыг Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжавт, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Завхан аймгийн начин Б.Сундуйжавд олголоо.
