UBLife Logo
Newsfeed

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 845 ажлын байр хадгалав

Б.Энхжин
Б.Энхжин
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 845 ажлын байр хадгалав

"Рио Тинто Монгол" компани "Инвескор ББСБ"-тай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг гурван жилийн турш амжилттай хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, "Инвескор ББСБ"-аар дамжуулан 183 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд жилийн 4.8%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүний үр дүнд цар тахлын үед эдийн засгийн хүндрэлд орсон 845 ажлын байр хадгалагдаж, шинээр 45 ажлын байр бий болсон байна.

Зээлдэгчдийн 82% нь импортыг орлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт зээлдэгчдийн 67%-ийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлж байна. Салбарын хувьд оёдол, арьс шир, модон эдлэл үйлдвэрлэл давамгайлахын зэрэгцээ 20 орчим төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хамрагджээ.

Мөн зээл олгохоос гадна бизнесээ өргөжүүлэх, эрсдэлийн удирдлагаа сайжруулах зэрэг тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор USAID болон "Инвескор ББСБ"-тай хамтран төрөл бүрийн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулсан байна.

Энэ талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид үйл ажиллагаа явуулж буй улсынхаа нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалд эергээр нөлөөлөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд цар тахлын үед хүндрэлд ороод байсан жижиг, дунд бизнесүүдэд зориулан нэн хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлснээр олон бизнес эрхлэгчид ажлын байраа хадгалж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, хамгийн гол нь цаашид бизнесээ тогтвортой үргэлжлүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагыг бий болгосонд бид туйлын их баяртай байна. Мөн импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарыг дэмжсэн нь урт хугацаанд Монголын эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болоход хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой” гэсэн юм. 

“Инвескор ББСБ”-ын Бизнес хариуцсан захирал Ш.Оюунчимэг "Энэ хөтөлбөр бол цар тахлын дараа сэргэлт авах шаардлагатай байсан сорилттой үеийг бизнес эрхлэгчидтэй хамтдаа давахад чиглэсэн маш гоё хөтөлбөр байлаа.Энэ хөтөлбөрийн хамгийн гол онцлог бол зөвхөн хөнгөлөлттэй зээл гэхээсээ илүү жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесээ амжилттай явуулахад шаардлагатай санхүүгийн сургалт, хөтөлбөрүүдтэй цогц төсөл байсан. Мөн бид энэ хөтөлбөрөөрөө хамгийн гол зорьж байсан зүйл бол зорилтот бүлгүүдээ тодорхойлох байсан. Энэ дундаа байгаль орчинд ээлтэй, импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүдийг сонгохоос гадна эмэгтэй бизнес эрхлэгчид гэх зэргээр аль болох солонгоруулахыг хичээн ажилласан бөгөөд яг энэ зорилтдоо ч гэсэн хангалттай хүрч чадлаа” хэмээн төсөл хөтөлбөрийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа талаараа ярьсан юм.

Рио Тинто Монгол ХХК-ийн хэрэг эрхлэх ерөнхий зөвлөх О.Анар хэлэхдээ “2021 оны сүүлээс Рио Тинто Монгол компани Инвескор компанитай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр энэ төслийг хамт эхлүүлж байлаа. Манай компани санхүүжүүлэгч байгууллага болоод, Инвескор компани зээлийг жижиг дунд бизнесүүдэд олгох үүргийг гүйцэтгэсэн байгаа. Бидний хувьд энэ 3 жилийн хугацаанд нийт 180 гаруй бизнес эрхлэгч аж ахуй, хувь иргэдэд энэ төслийн хүрээнд зээл өгсөн байна. Үүний үр дүнд бид 800 гаруй ажлын байр хадгалж, 50 гаруй ажлын байр шинээр үүсгэж чадсан байна.Ингээд бодоод үзэх юм бол шууд болон дам байдлаар 3000 гаруй хүнд хүч өгсөн байна” хэмээсэн юм. Мөн тэрээр зээл олгохдоо Монгол өв соёлоо хадгалж, шингээсэн үнэ цэнтэй бизнесүүдийг сонгохыг зорьсон гэдгээ онцолж байлаа.

Энэхүү үнэ цэнтэй бизнесүүдийг төлөөлөн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж чадсан “Жожо Фэлт” эсгий урлалын компанийн захирал Г.Золзаяа энэхүү арга хэмжээнд ирсэн байлаа. Тэрээр эмчийн мэргэжлээр 8 жил ажиллаж, ковидын үеэр гэртээ сууж байхдаа гар урлал сонирхож эхэлжээ. Түүнд Монгол уламжлалаа шингээсэн эсгий урлал түүнд маш их таалагдаж бизнесээ эхлүүлсэн гэнэ.

Г.Золзаяа хэлэхдээ “Анх өрхийн үйлдвэрлэгч буюу яг гэрээрээ хийдэг байсан.Зөвхөн эргэн тойрны хүмүүс маань л мэддэг байсан бизнес маань илүү олон хүнд хүрч, захиалгууд ч нэмэгдэж ажлын байртай болох шаардлага зайлшгүй тулгарсан. Яг тэр үед энэ хөтөлбөрийн талаар сонсож, зээл аваад ажлын байрныхаа түрээс, тохижуулалт, тоног төхөөрөмжүүд аваад, ер нь бол ажлын байртай болоод гарч байлаа. Үүнээс хойш одоо 4 ажилтантай буюу өнөөдөр 5 ам бүлтэй айл болсон байна. Мөн анх эхэлж байсныг бодоход одоо чанар, тоо ширхгийн хувьд маш их ахиц дэвшил гаргаж чадсан нүдээ олсон хөтөлбөр байсан” гэж ярьж байлаа.

Мөн энэ арга хэмжээнд төсөл хөтөлбөрт хамрагдаж бизнесээ амжилттай өргөжүүлж чадсан олон бизнес эрхлэгчид ирж талархлаа илэрхийлж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.