“Реал Мадрид” клубийн довтлогч Килиан Мбаппе өнгөрсөн оны 10, 11-р саруудад Үндэстнүүдийн лигийн тэмцээнд Израиль, Бельги, Израиль, Италийн эсрэг тоглосон шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаагүй билээ.
Францын шигшээгийн дасгалжуулагч Дидье Дешам түүнийг 3-р сард Үндэстнүүдийн лигийн тэмцээнд Хорватын багтай хийх хасагдах шатны хоёр тоглолтын бүрэлдэхүүндээ ахин дууджээ.
Ингэснээр Мбаппе шигшээ багийнхаа сүүлийн хоёр ч цугларалтыг өнжөөд байснаас үүдсэн хардлага, таамаг мэдээллүүдийг үгүйсгэж байгаа юм.
Францын сэтгүүлч Ромен Молина ахлагч Мбаппег шигшээ багаасаа зодог тайлах тухайд ч бодож байгаа гэж мэдэгдсэн удаатай.
Гэхдээ Мбаппе эл мэдээллийг үгүйсгэж “Надад шигшээ багийнхаа төлөө тоглохоос илүү үнэ цэнтэй эрхэм зүйл байхгүй. Есдүгээр сард дасгалжуулагчтай өөрийн биеэр уулзаж, бага зэргийн амралт хүссэн. Үнэндээ тухайн үед клубээ сольсон, амралтгүй тоглож байгаа зэргээс үүдэн хувийн нөхцөл байдал маань тийм ч сайнгүй байсан юм. Харин аравдугаар сард би бэртсэн. Арваннэгдүгээр сард яагаад шигшээдээ дуудагдаагүй вэ гэдэгт хэлэх үг алга, энэ бол цэвэр Дешамийн шийдвэр байсан” гэв.
Харин Дешамаас сэтгүүлч “Гуравдугаар сард Мбаппе шигшээ багтаа тоглох уу” гэхэд “Мэдээж шүү дээ. Яагаад тэр тоглохгүй гэж бодов?” хэмээн хариулсан юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-fe2b6a77-da7d-4ba1-87ac-f274e05477f7.jpg)