Та жоомноос гарган авсан сүү ууж байна гэж төсөөлж үзсэн үү? Энэ бодол танд жихүүдэс төрүүлж болох ч судлаачдын хийсэн шинэ нээлт энэ шингэнийг ирээдүйн супер хүнс болж магадгүй гэдгийг харуулжээ.
2016 онд судлаачид “Pacific beetle cockroach” буюу далайн цох жоом хэмээх төрөл зүйлийн эмэгчин нь үр төлөө хооллохын тулд сүүн төстэй бодис ялгаруулдаг болохыг тогтоожээ. Энэ бодис нь маш өндөр тэжээллэг чанартай бөгөөд олон улсын “Crystallography” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар дэлхий дээрх хамгийн шим тэжээл ихтэй шингэнүүдийн нэг гэж дүгнэсэн байна.

Жоомноос гарган авсан сүүний найрлага ба ашиг тус
Энэхүү сүүн төст бодис нь уургийн өндөр агууламжтайгаас гадна амин хүчил, эрүүл сахар зэрэг чухал элементүүдийг агуулдаг. Эсийн нөхөн төлжилт, өсөлт хөгжилд чухал нөлөөтэй эдгээр тэжээл нь жоомноос гарган авсан сүүг бусад сүүн бүтээгдэхүүнээс онцгой болгодог байна.
Судалгаагаар жоомноос гарган авсан сүү нь одос үхэрний сүүнээс гурав дахин их калори агуулдаг болохыг тогтоожээ. Өмнө нь одосны сүүг хамгийн өндөр илчлэгтэй хөхтөн амьтны сүү гэж үздэг байсан ч жоомноос гарган авсан сүү илүү тэжээллэг болох нь батлагдсан байна.

Хүмүүс жоомноос гарган авсан сүү уух боломжтой юу?
Энэ шингэний тэжээллэг чанар өндөр боловч одоогоор хүмүүсийн хэрэглээнд хараахан нэвтрээгүй байна. Үүний гол шалтгаан нь үйлдвэрлэлийн хүндрэл юм. Үхэр, ямаа шиг саах боломжгүй тул жоомнуудын ялгаруулдаг маш бага хэмжээний шингэнийг их хэмжээгээр гарган авах боломжгүй аж.
Зарим судлаачид генийн инженерчлэл ашиглан жоомноос гарган авсан сүүний уургийг исгэгч дээр ургуулж, арилжааны зорилгоор үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ сүү нь хүний эрүүл мэндэд аюулгүй эсэх нь одоогоор бүрэн батлагдаагүй юм. АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIH)-ээс гаргасан мэдээлэлд “Жоомноос гарган авсан сүү нь маш өндөр илчлэгтэй, тэжээллэг чанар сайтай тул ирээдүйд чухал хүнсний эх үүсвэр болох боломжтой. Гэхдээ одоогоор хүнсний хэрэглээнд нэвтрүүлэх боломжгүй” гэжээ.

Ирээдүйд жоомноос гарган авсан сүү хэрэглээнд нэвтрэх үү?
Сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах хандлага нэмэгдэж буй энэ үед байгальд ээлтэй, тэжээллэг хоол хүнс хайх эрэлт өссөөр байна. Гэсэн ч жоомноос гарган авсан сүү арилжааны хувьд ашигтай эсэх нь тодорхойгүй хэвээр.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, Айовагийн их сургуулийн профессор Барбара Стэй (Barbara Stay, PhD) “Хүмүүс ойрын хугацаанд жоомноос гарган авсан сүү ууж эхлэх магадлал бага. Үйлдвэрлэл нь хэр зэрэг өртөг өндөр байхыг таах аргагүй” хэмээн онцолжээ.

Хэдийгээр жоомноос гарган авсан сүү бидний өдөр тутмын хэрэглээнд ороход цаг хугацаа хэрэгтэй ч тэжээллэг чанарын хувьд маш өндөр учраас судлаачид цаашид анхаарал хандуулсаар байна. Энэ үнэхээр ирээдүйн хүнс болох уу? гэдэг асуулт одоогоор нээлттэй хэвээр байна.