“Snapchat”, “Lloyds”, “Halifax” зэрэг “Amazon Web Services” (AWS) серверийг ашигладаг томоохон аппликэйшн болон вебсайтуудын үйл ажиллагаа аравдугаар сарын 20-ны өдөр саатсан. Өглөөний 07:00 цагт сервер унаж, өдрийн 15:00 цаг гэхэд серверийг буцаан сэргээсэн байна. Гэвч томоохон өгөгдөлтэй зарим компани эргэн хэвийн үйл ажиллагаанд оруулахад хугацаа шаардлагатай гэв.
Яагаад сервер унасан бэ?
Олон улсын хэмжээний энэхүү саатлыг одоогийн байдлаар хоёр зүйлээс болсон гэж үзэж байна. Нэгдүгээрт, “AWS US-EAST-1” дата төвийн доголдол нөлөөлжээ. Хойд Виржиниад байрлах энэхүү дата төв нь дэлхийн хамгийн том үүлэн серверүүдийн нэг. Тиймээс энэхүү төвд саатал гарвал маш олон аппликэйшн, вебсайтуудын үйл ажиллагаа энэ мэт доголдоно. Сүүлийн таван жилд тус төвд гарсан гуравдах удаагийн томоохон саатал энэ аж. Ийм хэмжээний саатал гарахад нөлөөлсөн дараагийн нэг хүчин зүйл бол “DNS” буюу “Domain Name System” юм. Тодруулбал, DNS нь бидэнд харагддаг “google.com” гэх мэт интернэт хаягийг хэлнэ. Энэ нь биднийг IP хаягтай холбож цааш “google” сервер рүү хандах боломжийг өгдөг. Хэрэв “DNS” тасалдвал аппликэйшн, вебсайтуудын сервер рүү хандахад асуудал үүснэ.

Европын кибер аюулгүй байдлын фирм ESET-ийн глобал зөвлөх Жэйк Мур хэлэхдээ “Энэ саатал биднийг эмзэг дэд бүтцээс хамааралтай байгааг батлан харуулж байна” гэв.
Ямар хохирол учрав?
“Downdetector” платформын мэдээлж байгаагаар бидний сайн мэдэх “Snapchat”, “Venmo”, “Reddit”, “Fortnite”, “Robinhood”, “Signal”, “Alexa, Prime Video”, “Coinbase” ,“Canva”, “McDonald’s” зэрэг аппликэйшны үйл ажиллагаа саатахаас гадна “Lloyd Bank”, “Bank of Scotland” зэрэг банкны апп-ууд болон үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч “Vodafone, BT” цаашлаад Британийн татвар, төлбөр, гаалийн HMRC-ийн вэб сайт зогссон байна.

Эдгээр хохирлыг нэг цагт ногдох мөнгөн дүнгээр харцгаая.
“Snapchat” - 611,986 ам.доллар
“Zoom” — 532,580 ам.доллар,
“Roblox” — 411,187 ам.доллар,
“Fortnite” — 399,543 ам.доллар,
“Canva” — 342,466 ам.доллар,
“Slack” — 194,064 ам.доллар,
“Reddit” — 148,402 ам.доллар-ын алдагдал тус тус амссан гэж “The Economic Times” мэдээлжээ.
Суррей их сургуулийн Компьютерын шинжлэх ухааны тэнхимийн судалгааны захирал Нишант Састри хэлэхдээ “Энэ асуудлын гол шалтгаан нь томоохон компаниуд зөвхөн нэг үйлчилгээнд түшиглэсэн явдал юм” гэжээ. Сонирхолтой нь, энэхүү саатлын дараа “Amazon”-ийн хувьцаа 1.6%-иар өссөн байна.