EA компани албан ёсоор мэдэгдэл гаргаж, “The Sims Mobile” тоглоомыг 2026 оны 1 дүгээр сарын 20-нд бүрэн хаах шийдвэрийг зарлалаа. Өнөөдрийн шинэчлэл уг тоглоомын сүүлийн update байх бөгөөд үүнээс хойш тоглоомд нэвтрэх, тоглох боломж бүрэн зогсох аж.
“The Sims Mobile” анх 2018 онд гарсан бөгөөд түүнээс хойш 50 гаруй шинэчлэлт хийгджээ. Тус тоглоом нь “The Sims” франчайзын гар утасны хувилбар бөгөөд тоглогчид гэр бүл, орон сууц, ажил мэргэжил зэргийг хянаж, дүрийн амьдралыг бүтээх боломжийг олгодог байв.

EA-ийн мэдээлснээр, өнөөдрөөс эхлэн тоглоомын дотор жинхэнэ мөнгөөр худалдан авалт хийх боломжийг хаасан бөгөөд тоглоом App Store болон Google Play-ээс хасагдаж байна. Харин 2026 оны 1 дүгээр сарын 20-нд серверүүд бүрэн хаагдсанаар тоглоом тоглох боломж үгүй болно. Хаагдах хүртэл хуучин хэрэглэгчид тоглоомыг тоглосон хэвээр байх боломжтой.
“The Sims” цуврал одоо шинэ шилжилтийн үе шатанд ороод байна. “The Sims 4” тоглоом одоогоор идэвхтэй шинэчлэгдэж байгаа бол EA-ийн дараагийн том төсөл болох “Project Rene” хөгжүүлэлтэд орсон тухай мэдээлж байна.

“Project Rene” нь нэг болон олон тоглогчийн горимтой, PC болон гар утсанд зэрэг ажиллах шинэ үеийн “The Sims” тоглоом болохоор төлөвлөгдөж байгаа аж. Энэ нь “The Sims Mobile”-ийн үүргийг аажмаар орлох боломжтой гэж шинжээчид үзэж байна.
EA одоогоор 55 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр хувийн компанийн статуст шилжих хэлэлцээрийн дунд байгаа бөгөөд энэ нь компанийн томоохон франчайзуудын цаашдын хөгжлийн чиглэлд нөлөөлж болзошгүй гэж салбарын шинжээчид дүгнэж байна.
