UBLife Logo
Гоо сайхан
Матчаны гоо сайханд үзүүлэх 4 давуу тал

Матчаны гоо сайханд үзүүлэх 4 давуу тал

Ub.life
Ub.life

Гэрэлтсэн арьс, намирсан зөөлөн үстэй байхыг хэн бүхэн хүсдэг нь гарцаагүй. Өглөөний кофегоо матчагаар солих тренд сүүлийн жилүүдэд түгээмэл болоод байна. Матчаны ашиг тусыг хүмүүс сайшаахын хэрээр цахим сүлжээнд ч матча уух тренд дэлгэрч, Tik Tok платформ дээр л гэхэд #matcha хаштаг 160 сая гаруй үзэлттэй болжээ.

Матчаны хамгийн энгийн давуу тал бол кафейн агуулдаг ч тайвшруулах үйлчилгээтэй L-theanine амин хүчлийг агуулдаг бөгөөд энэ нь зүрхэнд цочрол үүсгэж, кортизолыг нэмэгдүүлэхгүйгээр энергийг сэлбэх чадвар юм. Мөн полифенол гэх онцгой хүчтэй антиоксидант, витамин Ц, хлорофилл агуулдаг. Антиоксидант нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмждэг байна.

Гоо сайхан байхын үндэс нь биеийн эрүүл мэнд, зөв хооллолттой салшгүй холбоотой байдаг тул аяга матча бидний гоо сайханд хэрхэн сайнаар нөлөөлдөгтэй танилцъя.

  1. Эрүүл хуйх, намирсан үс

Буруу арчилгаа, гадны бохирдлоос гадна даавар, стресс үс уналтад нөлөөлдөг. Даавраас үүдэлтэй үс уналт нь тестостерон ба дигидротестостерон дааврын нөлөөгөөр үүсдэг бөгөөд матчанд агуулагдах EGCG /Epigallocatechin gallate/ нэгдэл нь эдгээр дааврын нөлөөг бууруулж, үс уналтыг багасгадаг. Цаашилбал, үсний уутанцрыг бэхжүүлж, үсний  ургалтыг дэмждэг байна.

  1. Гэрэлтсэн, цэвэрхэн арьс

Дээр дурдсанчлан матча нь үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул арьсан дээрх батгыг арилгахад тусладаг. EGCG нь арьсны тослог ялгаруулалтыг бууруулж, нүх сүв бөглөрснөөс үүдэн батгаших магадлалыг бууруулдаг. Зарим судалгаагаар матчанд агуулагдах хлорофилл нь үрэвсэлт болон дааврын батгыг эмчилж хоргүйжүүлэх тустайг онцолсон юм.

  1. Үрчлээ, сэвх нөсөөг бүдгэрүүлнэ

Матча нь чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг антиоксидант, ялангуяа дээр дурдсан нэгдлүүдээр дүүрэн байдаг. Чөлөөт радикалууд нь арьсны эсийг гэмтээж, үрчлээ, хялгасан үрчлээ эрт үүсэхэд нөлөөлснөөр хөгшрөлтийг түргэсгэдэг. Матчанд агуулагдах полифенолууд нь хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн витамин Ц-ээр баялаг тул арьсыг цайруулж, үүссэн сэвх нөсөөг бүдгэрүүлэхэд үр нөлөөтэй байдаг.

  1. Целлюлит, хаванг багасгана

Целлюлитийг хурдан арилгах хялбар шалгарсан арга одоогоор байхгүй ч целлюлитийн эсрэг арьс арчилгааны олон бүтээгдэхүүнд кафейн агуулагддаг нь шалтгаантай. Ногоон цайны навчинд агуулагддаг гол алкалоид болох кафейн нь целлюлитийг бууруулахад маш үр дүнтэй байгалийн бодис гэдгийг шинжлэх ухааны судалгаагаар тогтоожээ. Ногоон цайны хандтай тос түрхсэнээр арьсны доод давхарга дахь өөх тосны хуримтлалыг дарангуйлж, өөхний эсийн тоог бууруулдаг. Харин матча ууж заншсанаар бодисын солилцоо хурдан явагдаж, хоол шингэлтэд ач тустай.

Матча зөвхөн дээр дурдсанаас гадна олон төрлийн ашиг тусыг бидний эрүүл мэнд, гоо сайханд үзүүлдэг ажээ. Мөн та кофе ууж сэргэмээр байвч зүрх дэлсэх, чичрэх асуудалтай бол кафейний хэрэглээгээ матчагаар нөхөхийг туршаад үзээрэй. Матчаг өдөр тутамдаа ууж, ногоон цайны ханд агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь гоо сайхандаа оруулж буй жижигхэн боловч хэрэгтэй үйлдэл байж болох нь. 

Эх сурвалж: Vogue Beauty

Бэлтгэсэн Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.