ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр /2025.02.26/ цахим хуралдаан хийж, нэгэн чухал шийдвэр гаргалаа. Зөвлөлөөс дэлхийн сонирхогчдын боксын ертөнцөд болж буй үйл явдлыг нягтлан хэлэлцэж, World Boxing холбоог олон улсын сонирхогчдын боксыг удирдах байгууллага гэж хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ түр зуур буюу хэсэг хугацаанд үйл ажиллагааг нь харна гэж мэдэгдлээ.
Одоо сонирхогчдын боксод IBA, World Boxing гэсэн хоёр холбоо ажиллаж байна. Оросын иргэн Умар Кремлевийн удирддаг IBA холбоог ОУОХ гишүүнчлэлээсээ хассан. Өөрөөр хэлбэл олимпын боксын тэмцээнд тус холбоо ямар ч хамаагүй гэсэн үг. Харин шинээр байгуулагдсан World Boxing холбоо гишүүний тоо цөөхөн тул хүлээн зөвшөөрөгдөөгүй байж байгаад ийнхүү ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болоход тун ойртлоо.
Тамирчид, үндэсний холбоодын хувьд одоогийн байдлаар аль нэгийг нь дагасан зүйлгүй, хоёр холбооны тэмцээнд оролцоод явж байх нь илүү дээр байгаа. Казахстаны боксын холбоо ч “Бид хоёр холбооны ДАШТ, тивийн тэмцээнд оролцох болно” гэж мэдэгдэж байсан. ОУОХ-той тэрсэлдсэн IBA холбооноос яагаад улс орнууд гарахгүй байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ холбооны тэмцээний шагналын сан өндөр, мөнгө их тул тамирчдад тун тустай байгаа юм.
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс “World Boxing холбоо шилэн данс, шударга шүүлт зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. Таван тивийн доод тал нь 78 гишүүнтэй байх гэсэн шаардлагыг биелүүлж чадлаа. Дөрвөн тивд салбар холбоогоо байгуулсан байна. Парисын олимпын наадамд медаль авсан боксчдын 58 хувь, нийт боксчдын 62 хувь нь World Boxing холбоонд байна” гэж мэдэгдлээ.