Буриадын Зэд аймгийн Малый Нарын тосгон архинаас ангид суурин болсноо зарлалаа. Ингэснээр тус тосгонд согтууруулах ундаа зарах, архитай холбоотой арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. ОХУ-ын хэвлэлд бичсэнээр нутгийн иргэдийн хурлаар санал нэгтэй “Хуурай хууль” зарласан байна. Иргэд тус тосгонд гарч байгаа хэрэг төвөг, осол, хэрүүл маргаан бүгд архитай холбоотой байна гэж үзжээ.
Тосгоны тэргүүн Валерий Шагжитаров “Хэрэв архи байхгүй бол хүмүүс уухыг хүснэ, юу ч тэднийг зогсоож чадахгүй. Хаана ч юм өнөөдөр уулаа, маргааш шар тайлах зүйл тосгон даяар байхгүй. Ингээд эрүүлжиж, ажилдаа явах болно. Энэ саналыг манай эмэгтэйчүүд гаргасан. Тэд эр нөхрөө архичин болохоос сэргийлж байгаа юм. Одоо эрчүүд ховор болсон цаг. Тэднийг хайрлах хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Малый Нарын бол архинаас татгалзсан Буриадын 30 дахь суурин газар. 2023 онд болсон судалгаагаар Буриад нь ОХУ-ын хамгийн архичин газраар тодорч байсан билээ. Энд гарсан бүх гэмт хэргийн 40 хувь нь согтуугаар үйлдсэн гэмт хэрэг байсан.
Буриадаас гадна ОХУ-ын бусад газруудад ч архигүй хөдөлгөөн өрнүүлж байгаа. Энэ сарын 1-нээс эхлэн Вологда мужид “хагас хуурай хууль” тогтоосон. Тэнд согтууруулах ундааг өдрийн 12:00 цагаас 14:00 цагийн хооронд худалдаалдаг болсноор архины 227 дэлгүүр хаагдсан байна.