Филиппиний Цагдаагийн газрын (PNP) шинэ журамд зааснаар жингийн стандарт хангахгүй байгаа алба хаагчдыг нэг жилийн дотор биеийн жингээ хэвийн түвшинд хүргэхгүй бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Үүнийг “Цагдаагийн сахилга бат, биеийн чадвар, олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд чиглэсэн алхам” гэж удирдлагууд нь тайлбарласан байна.
Цагдаагийн албан хаагчдын биеийн жинг нас, хүйс, өндөрт суурилсан хэмжээсийн дагуу стандарт гаргаж, түүнээс дээш, доош 5кг-д барих ёстой гэж журамлажээ. Энэ хяналтыг “Body Mass Index” (BMI)-ээс ч илүү нарийн хэм хэмжүүрээр тогтоож байгаа аж.
Улсын хэмжээнд хэрэгжиж буй уг бодлогын хүрээнд “Pulisteniks” нэртэй фитнессийн хөтөлбөрийг нэвтрүүлж, мягмар, пүрэв гараг бүр заавал биеийн тамирын дасгал хийхийг шаарджээ. Орон нутгийн цагдаагийн газрууд Зумба бүжиг, сагсан бөмбөг, тэквондо зэрэг хамт олны дасгал сургуулилт зохион байгуулж эхэлсэн байна.
Эрүүл мэнд, сахилга бат, албаны гүйцэтгэл гурвын уялдаа холбоог сайжруулах зорилготой энэ алхмыг зарим мэргэжилтэн сайшааж байгаа ч хүний эрхийн зөрчил, сэтгэл зүйн дарамт зэрэг эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулж байгаа юм.