Дэлхий даяар Илон Маскийн Tesla машины эсрэг дайн зарлаж, шатааж, устгаж эхэллээ. Үнэндээ энэ машинд дайн зарласан гэхээсээ илүү эзнийг нь үзэн ядаж байгаа юм.

Үзэн ядагчид тааралдсан Tesla-ныхаа дугуйг хагалж, будгийг нь халцалж, хог хаягдал шидэж байна. АНУ дахь Tesla-гийн салонуудыг цагдаагийн хамгаалалтад авч, Tesla Cybertruck машин худалдан авсан хүмүүст гэрт нь хамгаалалт дор хүргэх үйлчилгээ гарчээ.

Яагаад тэр билээ?
Шалтгаан олон байна. Нэгдүгээрт, хүмүүс, ялангуяа Европын иргэд Маскийн саяхан хийсэн нацист мэндчилгээнд дургүй нь хүрсэн. Маск уучлал гуйж, хүлцэл өчөөгүй. Хоёрдугаарт, Трампын Засгийн газрын нэгэн бүрэн эрхт гишүүн болсон Илон төрийн албан хаагчдыг бөөнөөр нь халж эхэлсэн.

Улс төрийн үйл ажиллагаанаас нь болоод Tesla-гийн хувьцааны үнэ 2024 оны 11 дүгээр сарын түвшинд хүртлээ унасан. Цаашдаа ч унах таамаглал гарчээ. Биржийн шинжээчдийн үзэж байгаагаар уналтыг зогсоохын тулд Илон Маскийг халах, эсвэл брэнд, үйлдвэрээ өөр хүнд зарах арга л үлдсэн гэнэ.

Tesla машиныг худалдан авагчид одоо машинаа хамгаалахын тулд наалт наадаг болсон. “Би яах юм бэ? Машин үнэхээр сайн. Харин босс нь новш”, “Энэ машиныг худалдан авч байхдаа би Маскийг хог гэдгийг мэдээгүй байсан” гэх зэрэг бичиг машин дээрээ наадаг болоод байгаа ажээ.

Илон Маск харин энэ “дайныг” ойлгохгүй байгаагаа илэрхийлж байгаа. Тэрээр олон тооны ярилцлага, олон нийтийн сүлжээний постоороо “Хүмүүс ээ, болиоч. Энэ цахилгаан машин та нарт ямар ч муу юм хийгээгүй” гэх мэдээллийг зай завсаргүй цацаж байна.

Дональд Трамп ч хамтран зүтгэгчээ хамгаалахаар шийдэж, “Жинхэнэ америк хүн ийм машин худалдан авах ёстой” гэж мэдэгдсэн нь үзэн ядагчдын тоог улам нэмж орхилоо.

Хамгийн харамсалтай нь Илон Маск өөрийн зорилтот бүлгээ ойлгож, ялгаж салгахгүй байгаад байна. Tesla хэмээх цахилгаан машиныг голлон худалдан авагчид нь зүүнийхэн буюу экологи, цэвэр эрчим хүч, орчин үеийн технологийн төлөө тэмцэгчид байдаг. Харин одоо Трамп, Маск хоёр яг тэднийг “ангуучилж”, хавчин гадуурхаж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийн хэрэглэгчдээ өөрөө хөөгөөд байна гэсэн үг.
