UBLife Logo
Дэлхий

Сомалийн далайн дээрэмчид арван жилийн дараа эргэн ирлээ

Сомалийн далайн дээрэмчид арван жилийн дараа эргэн ирлээ

Одоогоос арваад жилийн өмнө дэлхийн бүх орны хэвлэл Сомалийн далайн дээрэмчид гэсэн мэдээгээр дүүрэн байдаг байлаа. Ачааны хөлөг онгоцны эрлэг нь Сомали дээрэмчид болж, дэлхийн эдийн засгийн алдагдал хэдэн тэрбум ам.долларт хүрч, барьцаалагдсан хөлгийн гишүүдээ аврах гэж хэдэн зуун сая ам.доллар төлсөн байдаг. Яагаад Сомалид эртний “мэргэжил” болох далайн дээрэмчин цэцэглэн хөгжсөн юм бэ?

Иргэний дайны улмаас Сомалид төвлөрсөн Засгийн газар байсангүй, хил орчмын бүс, эргээ хамгаалж чаддаггүй байв. Үүнийг ашиглан гадаадын загасчид дураар Сомалийн эзэмшил усанд загасчилж, хог хаягдлаа хаядаг болжээ. Загасны нөөц барагдаж, нутгийн загасчид амьдралаа залгуулах аргагүй болсон байна. Ингээд тэд нийлж, бүлэг байгуулан, гаднын хөлөг онгоц руу довтолж эхэлсэн юм. Удалгүй энэ нь тэдний үндсэн орлого болж, загасчид дээрэмчид болон хувирсан түүхтэй. 2000-аад оны үед дэлхий Сомалийн далайн дээрэмчидтэй хэрхэн учраа олохоо мэдэхгүй бухимдаж, хөлөг онгоц болгон мэргэжлийн хамгаалагч авсан ч дээрэмдүүлсээр л байв. Сомалийн дээрэмчид 2008 онд гэхэд л 45 хөлөг онгоц булааж, барьцаанд авч байлаа. Энэ бизнес тун их орлоготой. Зэвэрсэн автомат буутай зэрлэг гэмээр сомали дээрэмчид дэлхийг чичрүүлж байв. Дээрэмчдийн талаар ном зохиол, Холливудад кино хүртэл гарч байлаа. Дээрэмчдийн тактик тун хялбар. Хөнгөн жижиг онгоцоор дөхөж ирээд гал нээнэ. Ингээд хөлөг дээр гарч, барьцаанд авна. 5 жилийн дотор тэдний гараар 150 гаруй хөлөг онгоц дамжсан байдаг.

Дээрэмчдийн араас дэлхийн 21 орны арми хөөж, шумбагч онгоц, нисдэг тэрэг, пуужин хэрэглээд ч үр дүнд хүрээгүй. Мэдээж дээрэмчдийг бариад шоронд хорьж байсан. Гэхдээ сомаличууд довтолсоор л байлаа.

Гэхдээ тэд хэдхэн жилийн дараа зүгээр л алга болсон. Яаж?

Тэрбумтнууд ашиг орлогоо зүгээр харж байгаад дээрэмдүүлэхийг хүссэнгүй. Хуралдаж хуралдаж, Сомалийн дээрэмчдийн асуудлыг Абу-Дабигийн эмират Аль-Нахайамийн гэрбүл шийдэхээр боллоо. Нефтийн хөлөг онгоцоо хагас зэрлэг дээрэмчдэд дээрэмдүүлсээр байгаад уур нь хүрсэн нь тэр. Тэд Америкийн цэрэг, хамгаалалтын хувийн компани "Blackwater”-ийн үүсгэн байгуулагч, ТТГ-ын ажилтан асан Эрик Принцийг хөлслөн авлаа.  Араб баячуудын өгсөн 50 сая доллараар тэр Puntland Maritime Police Force отряд байгуулсан юм. Энэ отрядад Өмнөд Африкийн сургагч багш нар, Колумбын хөлсний цэргүүд, жунглид байлдаж сурсан тусгайгийнхан гээд олон төрлийн мэргэжилтэн байлаа. Эрик шүдээ хүртэл зэвсэглэсэн мянгахан цэргээ аваад Сомалид 2010 онд очсон юм. Ердөө хоёр жилийн дотор тэд дэлхийн 21 орны арми хийж чадаагүй зүйлийг хийсэн. 2012 оноос хойш нэг ч хөлөг онгоц Сомалид алга болоогүй.

Гэтэл өнгөрсөн 2024 оноос Сомалийн дээрэмчдийн ажиг сураг дахин сонсогдож эхэллээ. Тэд арваад жилийн дараа дахин довтолсон байна. Бангладешийн эрэг орчим гадаадын нэгэн хөлөг онгоцыг эзэлж, барьцаа шаардсан байна. Тэд дахин сэргэсэн нь олон улсын байдалтай холбоотой. Йеменийн хуситүүд Улаан тэнгист эрчимтэй үйл ажиллагаа явуулж, Израил Газын зурвасыг бөмбөгдөж, Ливаны алан хядагчид АНУ-ын хөлөг онгоцыг бууддаг болоод байна. Харин дээрэмчдийг хянадаг байсан Европын холбооны Тэнгисийн хүчин аль эрт гэртээ харьсан. “Чоно борооноор” гэгчээр ийм л эгзэгтэй үед тэд хуучны ашиг орлогоо дурсан санагалзсан хэрэг. 2024 оноос хойш Сомалийн эрэг орчим таван хөлөг дээрэмдүүлж, 20 хөлөг довтолгоонд өртсөн байна. Дээрэмчид өөрсдийгөө хуситүүд мэт харагдуулах арга заль хэрэглэж байгаа ажээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.