Дарьганга нутгийн өвөрмөц аж байдал, зан заншлын тухай сэтгэлд торохуйц тод томруунаар дүрслэн бичсэн “Газар шороо” хэмээх бүтээлийг монголчууд андахгүй биз ээ. Утга зохиол судлаач Ч.Билигсайхан уг романыг “Уншиж суухад үйл явдал нь гарцаагүй болсон, тохиолдсон гэж бодогдохоор байдаг” хэмээн үнэлсэн нь бий.
Тэгвэл судлаач Ц.Хасбаатар эл бүтээлийг марзан Шаравын “Нэг өдөр” зурагтай адилтган үзсэн удаатай.
Гадаад харилцааны яам, СУИС, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ЗДТГ, Гиннара академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй зохиолч Дүгэржавын Маамын 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 4-р сарын 3-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд хэлэлцүүлэхээр товложээ.
Энэ үеэр судлаач нар зохиолч Д.Маамын амьдрал, уран бүтээлийн талаарх шинэ, сонирхолтой судалгааны үр дүнгүүдийг хуваалцах юм.
Д.Маамын “Гишгэх газаргүй хөл” романд маоизмын харгислалд нэрвэгдэж байгаа өвөр монголчуудын гунигт хувь тавиланг харуулсан байдаг.
Мөнхүү зохиолчийн томоохон хэмжээний бүтээлүүдээс гадна “Дунгаамаа” шүлэг нь хэн бүхний цээжинд ойрхон, ардын дуу шиг санагдуулдаг билээ.
Түүнээс сэтгүүлч "«Газар шороо» шиг тийм сайхан, том роман бичихэд мөн ч их хөдөлмөр орсон биз ээ. Энэ романыг бүтээхэд танд юу хамгийн их хэрэг болов. Боловсрол уу, авьяас уу?” гэж асуухад,
“-Томоохон ном бичихийн тулд өөрөө том болох хэрэгтэй. Би энэ үгийг онгироо утгаар хэлэхгүй байна л даа. Роман бичих бэлчээрт хүрэх ёстой. Намайг тэр бэлчээрт хүрэхэд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Монголын ШУА-ийн эрдэмтэд тусалсан юм. Гадаад явдлын яамнаас хөөгдөөд гудамжинд гарсан би нэг л өдөр Бира, Ишжамц, Далай, Сандаг, Сүхбаатар гээд олон эрдэмтний дунд ороод явчихсан. Гонгор гэж ёстой алт шиг эрдэмтэн байлаа. Би энэ сайхан эрдэмтэд шиг том болж чадаагүй ч тэднийхээ эрдмийн рашаанаас чадлынхаа хэрээр хутгасан даа. Хоёрт гэвэл эх нутгаа эх санасан явдал миний сэтгэлийн цэнэг, онгод болсон юм. Дариганга Жанчхүүд захиргаатай, Бээжинд мэдүүлдэг, Хүрээнд хамаагүй хоёр зуун жил болжээ. Дайсны хүчинд автаж, малаа урагш тууж байсны хувьд л Бээжинтэй холбоотой болохоос биш Дариганга бол халхынх гэдгийг зохиолдоо би батлах ёстой байсан. Миний олзуурхаж явдаг зүйл бол Богд, Сүхбаатар, харчин гүн Бавуужав, Гомбо идшингийн дүрийг овоо гаргасан гэж боддог. Түүхийн роман бичихэд карт хөтлөхгүй бол болдоггүй. Эхнэр бид хоёр олон карт хөтөлсөн дөө. Таван зүгийн байлдаан гээд нэг карт байх жишээтэй. Насны гэхээр, үе болгоны хүнээс ядаж тав арав нь үзээсэй гэж бодож бичиж байгаа зохиолыг бүтээхэд олон жилийн хөдөлмөр хэрэгтэй …” гэж хариулсан байдаг.
