АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2037 он хүртэл засгийн эрхэнд байя гэвэл чадна гэдгээ мэдэгдээд энэ бол тоглоом биш гэж хэллээ. АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь нэмэлт өөрчлөлтөөр нэг хүн хоёроос олон удаа Ерөнхийлөгчийн алба хашихыг хориглодог.
Дональд Трамп NBC News-д ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхөд бэлэн. 22 дахь нэмэлт өөрчлөлтийг тойроод гарах хуулийн цоорхой бий. Маш олон хүн намайг гурав дахь удаагаа сонгогдоосой гэж хүсэж байна. Гэхдээ одоохондоо энэ талаар ярих эрт байна” гэж хэлсэн нь дэлхийн хэвлэл мэдээллээр тарлаа.
Нэг дэх арга нь, Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд дараа нь бүрэн эрхээ Трампад шилжүүлэх гэнэ. 2029 оны нэгдүгээр сарын 20-нд Вэнс Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд тэр дороо албан тушаалаа орхиж байгаагаа зарлах юм. Тэгвэл тэр үед дэд ерөнхийлөгчөөр томилогдоод байх Трампад албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэгт ажил шилжих ёстой. Хэрэв хүсвэл Трамп дөрөв дэх удаагаа ч Ерөнхийлөгчөөр үлдэж болох ажээ. Үүний тулд Трамп 2032 оны сонгуулиас өмнө ажлаа өгөөд дахин дэд ерөнхийлөгчид нэр дэвшин, хамтрагч нь сонгуульд ялахад дахиад л Ерөнхийлөгч болно. Дээд шүүх яаж ч чадахгүй.
Трампын хэлсэн хуулийн цоорхой нь 22 дахь нэмэлт өөрчлөлтөд “Хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй. Гэхдээ Ерөнхийлөгч нас барсан, эсвэл ажлаа өгсөн тохиолдолд дахин Ерөнхийлөгч болж болно” гэсэн заалт юм байна.
Гэхдээ Трамп дахин албан тушаалдаа үлдэх өөр олон арга бий гэж хэлсэн. 2037 онд Трамп 91 нас хүрнэ гэдгийг ташрамд дурдъя.