UBLife Logo
Дэлхий

Катаргейт: Нетаньяхуг байцааж, зөвлөхүүдийг нь баривчиллаа

Катаргейт: Нетаньяхуг байцааж, зөвлөхүүдийг нь баривчиллаа

Сүүлийн хэдэн өдөр Израилд болж байгаа үйл явдлууд “Катаргейт” хэмээх нэр авсан шуугиантай холбоотой байлаа. Даваа гарагт Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Иерусалим дахь оффист нь Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч байцаасан байна. Байцаалтаас хоцрохгүйн тулд Нетаньяху Тель-Авивд болж байсан шүүх хурлаа орхиход хүрчээ. Сануулахад тэрээр авлигын хэргээр шүүгдэж, мэдүүлэг өгч байгаа билээ. Энэ авлигын хэрэг нь одоо Нетаньяхуд “хүүхдийн тоглоом” мэт санагдаж байгаа биз ээ. Учир нь Катаргейт бол Катарын талд лобби хийсэн зөвлөхүүдийнх нь хэрэг бөгөөд маш том шуугиан тариад байгаа юм.

Нетаньяху одоогийн байдлаар энэ хэрэгт сэжигтэн биш гэрчээр оролцож байгаа ч гол сэжигтэнд тооцогдож байгаа Жонатан Урих, Эли Фельдштейн хоёр бол Ерөнхий сайдын зөвлөхүүд. Тэднийг өчигдөр Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчилсан. Израилын Ерөнхий Прокурорын газраас Биньямин Нетаньяхугийн мэдүүлгийг маш сайн судалж, шалгасны дараа түүнийг гэрч үү, сэжигтэн үү гэдгийг шийдэх гэнэ.

Энэ хэрэг хэрхэн илрэв?

Нетаньяхугийн зөвлөх, Засгийн газрын Израилын арми, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Эли Фельдштейн Дохад бүртгэлтэй, Катарын ашиг сонирхлыг илтгэдэг олон улсын компани, Израилын Засгийн газрын хооронд зуучлагч хийдэг байсан талаар мэдээлэл гарсан юм. Энэ компаниар дамжин, Израилын хэвлэлд Катарыг магтсан, сайшаасан, имижийг нь засаж, сайжруулах нийтлэл, мэдээ нийлүүлдэг байсан байна. Мөн Эли Фельдштейн Катарын бизнес төслүүдийг Израилын эдийн засаг, бизнес салбарт сурталчилдаг байжээ. Тэрээр Ерөнхий сайдын өөр нэг гол зөвлөх Жонатан Урихийг сүлжээндээ элсүүлж, тэд Доха дахь тухайн компанийн төлөөлөгч, АНУ-ын иргэн Жей Футликаас хөлс мөнгө авдаг байсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Цагдаагийн газраас Фельдштейн, Урих нарыг гадаадын тагнуултай хамтран ажилласан, залилан, мөнгө угаах, авлигын хэрэгт холбогдуулан байцааж байсан. Гэхдээ Шүүхээс энэ хэргийн мэдээллийг дэлгэхээс татгалзсан байгаа. Ямар ч гэсэн Фельдштейнд Израилын армийн нууц мэдээллийг задруулж, улс орны аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр ял оноох болсон мэдээлэл бий. Дээрх хоёроос гадна энэ хэргээр мөрдөгдөж байгаа хүн бол Нетаньяхугийн “Ликуд” намын сонгуулийн гол зөвлөх Исраэль Эйнхорн.

Катарын Засгийн газрын гишүүнээс Фельдштейнт мөнгө шилжүүлэхэд нь Персийн булангийн орнуудад бизнес эрхэлдэг Израилын Гиль Биргер гэгч тусалдаг байсан нь илэрсэн. Удалгүй гадаадын тагнуул буюу катар лоббичидтой харилцаа, холбоотой хэргээр хэд хэдэн сэтгүүлч баривчлагдсан билээ.  

“Times of Israel”-д бичсэнээр цагдаа нар 2022 оны тавдугаар сараас 2024 оны аравдугаар сар хүртэл Катарын тагнуулууд Нетаньяхугийн ойрын зөвлөхүүдэд төлсөн мөнгийг хамгийн их сонирхож байгаа ажээ. Биньямина Нетаньяхуг тойрон хүрээлэгчид нөлөөгөө ашиглан, хэргийг хаах гэж хэд хэдэн удаа оролдсоноос сөрөг хүчин улам сэжиглэж эхэлсэн байна.  

Гуравдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Нетаньяху Дээд Шүүхийн хоригийг үл хайхран, Сөрөг тагнуулын дарга Шин-Бет Ронен Барыг ажлаас нь халсан. Маш нууц албаны тэргүүнийг хална гэдэг Израил шиг оронд бараг байдаггүй зүйл. Халсан албан ёсны шалтгаан нь ХАМАС-ын 2023 оны довтолгоог урьдчилан мэдээгүй, таамаглаагүй, итгэл алдсан явдал гэж дурдсан байлаа. Гэвч Шин-Бет Бар болон түүний талынхан энэ үед яг Ерөнхий сайдын зөвлөхүүдийн Катарын лоббитой холбоотой хэргийг мөрдөж байсан тул улс төрийн шалтгаанаар халагдлаа гэж үзсэн. Дээд Шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ч Сөрөг тагнуулын газрын шинэ даргын нэрийг зарласан билээ. Ингээд эцсийн дайснаа устгахаар Нетаньяхугийн засгийн газар гуравдугаар сарын 23-нд Ерөнхий прокурор Гали Бахарав-Миараг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Бахарав-Миара хоёрдугаар сарын сүүлээр Катаргейтын хэргийг мөрдөхийг Шин-Бет, цагдаа нарт даалгаж байсан юм.

Хувийн таагүй явдал үргэлжилсэн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасыг дахин бөмбөгдөж эхэлсэн нь өөрийн гэмт хэргээс ард түмний анхаарлыг холдуулах гэсэн арга бололтой. Харин яагаад тэдний дотоод хэргээс болоод гэм зэмгүй палестин хүмүүс амиа алдах ёстой билээ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
5
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.