Ням гарагт Бөхийн өргөөнөө явагдсан Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо.
Улсын харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит энэхүү барилдааны зүүн талыг улсын арслан Ц.Бямба-Отгон манлайлсан юм.
Эл наадамд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр долоо давж, түрүүлэв. Тэрбээр заалны барилдаанд найм дахиа түрүүлсэн нь энэ.
Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр зааланд бол дийлж барилддаг бөх өө. Түүнд улсын наадамд цолны давааг гэтлэх л дутуу байна.
Онгон сумын ойн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэлээ. Түүний хувьд, улсын заан цолонд хүрснээсээ хойш заалны хоёр барилдаанд түрүүлж, үзүүр болон Их шөвөгт тус бүр нэгэнтээ хүрээд байна.
Энэ наадмын Их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Харин улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм.
