Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барих юм байна. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлжээ. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.

Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барих юм байна. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгаа юм.
