Японы нийслэл Токио хотын удирдлага ажил эрхэлдэг, хүүхэдтэй иргэдэд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг олгох, төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдыг ажлын дөрвөн өдөртэй болгох гэж байна.
Энэ дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх шинэ зохицуулалт нь төрийн албан хаагчдад долоо хоног бүр гурван өдрийн амралт олгох боломжтой гэж Токио хотын захиргаа мэдэгдэв. Мөн бага сургуулийн нэгээс гуравдугаар ангид суралцдаг хүүхэдтэй эцэг эхчүүдийн цалинг эрт олгох бодлогыг хэрэгжүүлэхээ зарлалаа. Токио хотын захирагч Юрико Коике лхагва гарагт мэдэгдлийнхээ үеэр “Бид иргэдийнхээ ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахын тулд уян хатан байдлаар хандаж, хэн нэгэн хүүхэд төрүүлснээсээ болж карьераа орхидог байдлыг халах болно. Одоо Токио хот улс үндэстнээрээ даван туулж буй хэцүү цаг үед ард иргэдийнхээ тогтвортой аж амьдрал, эдийн засгийг хамгаалж бэхжүүлэхийн тулд дорвитой алхам хийх цаг нь болсон” гэжээ.

Өнгөрсөн онд Япон улсад 727 мянган төрөлт бүртгэгдэж, төрөлтийн түвшин Япон улсын түүхэнд хамгийн доод түвшинд буюу 1.2 болж буурсан талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ. Аливаа улсын хүн амын өсөлт тогтвортой байхын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай байдаг аж. Японы засгийн газар төрөлтийн эрс бууралтыг арилгахын тулд “одоо эсвэл хэзээ ч биш” гэх бодлогыг хэрэгжүүлж, шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч байна. Төрөлтийн түвшин байнга буурч байгаа энэ үзэгдэл нь Японы хатуу чанга хөдөлмөрийн нөхцөл, амьдрах өртөг жилээс жилд нэмэгдэж буйтай холбоотой гэж социологичид үздэг. Ажил эрхэлдэг Япон хүмүүсийн дунд “кароши” буюу хэт их ажлын ачааллын улмаас нас барах гэсэн нэр томъёо хүртэл бий болоод байгаа юм.


Зөвхөн Японд бус, дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүд ажил мэргэжил, хувийн карьер эсвэл гэр бүлийнхэ аль нэгийг сонгох хүндхэн сонголттой тулгардаг. Гэвч Японд илүү цагаар амралтгүй ажиллах нь элбэг тохиолддог тул Япон эмэгтэйчүүд ажиллахын зэрэгцээ хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл ажлаа цалгардуулахгүй, тууштай олон жил нэг байгууллагатаа ажиллах нь үнэнч байдлын илрэл гэж үздэг бөгөөд энэ үзэл баримтлалдаа нийцэхийн тулд ар гэр, хувийн амьдралаа орхигдуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд ордог байна.
Эх сурвалж: CNN World
Бэлтгэсэн: Б.Цагаандалай