ОХУ-ын нийслэл Москва хотын Лефортовск дүүргийн шүүхээс Тувагийн филармоний гоцлол дуучин, 31 настай Цэцэндэлгэр Тэгшээг тагнуулын хэргээр баривчилжээ. Одоо тэрээр Москвагийн мөрдөн шалгах газарт хоригдож байна.
“Настоящее Время” цахим хуудсанд “Тагнуулын хэрэг гэдэг ялыг зөвхөн гадаадын иргэншилтэй хүнд хэрэглэдэг. Тэгэхээр энэ хүн гадаад хүн байх нь. Баривчлагдсан дуучин монгол хүн” гэж бичсэн байна.
Харин “Тувагийн соёлын өв” сайтад “Тэгшээ Монголд малчны гэрт төрсөн. 2010 онд Кызылийн урлагийн сургууль төгсөж, 2018 оноос Тувагийн филармонид ажиллаж эхэлсэн. Инстаграм хуудас нь 14 мянган дагагчтай, алдартай дуучин” гэж бичжээ. 2024 оны нэгдүгээр сард Тувагийн тэргүүн Владислав Ховалыг Ц.Тэгшээ болон түүний гэргий, мөн филармоний дуучин Елене Куулар нарыг баярын бичгээр шагнаж байсан юм.
Ц.Тэгшээгийн олон нийтийн сүлжээ шинэчлэгдээгүй хоёр сар өнгөрч байна. Гэвч эхнэр нь түүнийг баривчлагдсан гэдэг мэдээг үгүйсгэж, “Нөхөр маань аав, ээж дээрээ очихоор явсан. Монголын хөдөө нутагт долгион байдаггүй” гэж хариулж байгаа ажээ. Ц.Тэгшээ, Куулар нар хоёрдугаар сарын 10-нд Кызылд тоглох ёстой байсан ч концерт цуцлагдсан.
“Настоящее Время” цахим хуудсанд “Москва дахь Монголын Консулын газраас тодруулга хүссэн ч тэд татгалзсан. Консулын ажилтан мөрдөнд очиж, иргэнээ эргэсэн үү гэсэн асуултад хариулсангүй. Харин Тувагийн филармони “Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна” гээд утсаа тасаллаа. Ер нь Тэгшээ ямар хэрэг хийсэн болоод аймшигт Лефортовск шоронд хоригдож байна вэ” гэж бичжээ.