Б.Сүнжидмаагийн зохиол “Хүүхэлдэй” моно драмын жүжгийг дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдээр Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглуулахаар зэхэж буй СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжигчин, найруулагч Я.Билгүүнсартай ярилцлаа.
Түүнийг “Ашгүй бүх юм дууслаа”, “Намайг оршуулаач” зэрэг нэг хүний жүжгүүдэд тоглож, моно жүжгийн Улсын уралдаанд түрүүлсэн гэдгээр нь андахгүй биз ээ.
Я.Билгүүнсар Монголд анх удаа жүжигчингүй жүжгийг тайзнаа тоглуулан багагүй шуугиан тарьсан нь Ө.Үлэмжтөгсийн зохиол “Амьгүй биет” жүжиг юм. Харин “Хүүхэлдэй” жүжиг нь түүний найруулагчийн хувиар тайзнаа тоглуулж буй хоёр дахь моно билээ.
-Ямар ч найруулагч муу зохиолыг сайн жүжиг болгох гэж өөрийгөө зовлонд унагахгүй биз ээ. Тэгэхээр Б.Сүнжидмаагийн “Хүүхэлдэй” зохиол таны ямар шалгуурт нийцэв?
-Аливаа зохиол ч юм уу, уран бүтээл нөхцөл нь бүрдэж, цаг нь ирэхэд аяндаа амилдаг гэж боддог. Энэ зохиолын тайзны бүтээл болох тэрхүү цаг хугацаа нь хэдийн бүрдчихээд байна.
“Хүүхэлдэй” жүжгийн зохиол ноднин намар надад ирсэн л дээ. Хэрвээ зохиолын агуулгыг асууж байгаа бол өгүүлэмж нь үнэн. Заримдаа ил гарчихсан ч харагддаг, заримдаа нууцхан хэр нь олон хүн амандаа хүлхээд явж байдаг тэр үзэгдлийн тухай юм.
-Тэгвэл “Хүүхэлдэй” жүжигт найруулагчийн үзэл санаа хэрхэн туссан бэ?
-“Хүүхэлдэй”-н зохиолч нь эмэгтэй. Зохиол нь эмэгтэй хүний тухай юм. Миний хувьд эрэгтэй хүн учир найруулга маань эмэгтэйчүүдэд хүлээн зөвшөөрөгдөх болов уу, яах бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна. Би зохиолчийн үзэл санаа, эх зохиолд хүндэтгэлтэй ханддаг.
“Хүүхэлдэй”-н зохиолыг уншихад надад хөндүүр мэдрэмж төрсөн нь найруулах сэдлийг давхар төрүүлсэн. Нөгөөтээгүүр, бодол, сэтгэлээрээ шаналж, өөрийгөө бүрэн зориулдаг болохоор уран бүтээл бүхэн маань сорилт шиг санагдуулдаг. Хэрвээ би бүтэлгүйтвэл уран бүтээл болгох ажил маань тэр даруй дуусна. Одоогийн байдлаар, бэлтгэлийн үйл явцыг харж байхад ашгүй бүх юм амжилттай болж байх шиг санагдаж байна.
“Эмэгтэй хүн гэдэг чинь ийм юм” гэж би хэлбэл буруудна. Энэ талаар эмэгтэй зохиолч биччихсэн болохоор миний хувьд тэр зохиолыг тайзнаа найруулж, эмзэглэлийг нь ончтой тэмтэрч, хүчтэй харуулахыг оролдож байгаа юм. Шуудхан хэлэхэд, эмэгтэй хүний далд ертөнцийг нээхийн тулд л би бүхнээ зориулж байна.
-Энэ зохиолын эмзэглэл нь юу юм бол?
-Эрэгтэйчүүд бид эмэгтэйчүүдийг бүрэн ойлгож чаддаггүй, чадах ч үгүй байх. Хэрэв бүх эмэгтэйчүүд ар гэрийнхээ ажлыг бүрэн дааж байгаа эзэгтэйн дүрд тоглоод эхэлбэл тэр нь хүртэл жүжиг болж эхэлнэ.
-Ганц хүний жүжгийн төрөл тухайн уран бүтээлчийг багагүй сорьдог. Нэг жүжигчин тухайн жүжгийн бүх хугацааны туршид (40-45 минут) үзэгчдийн анхаарлын төвд байж, тэдний төвлөрлийг алдагдуулахгүй, залхаахгүй байх хатуу хариуцлагыг үүрэхэд хүрнэ. Та яагаад онцлон ганц хүний жүжигт ажилладаг юм бэ?
-Анхандаа моно гэж юуг хэлээд байна вэ гэдгийг зорьж судлаад, ухамсартайгаар сонгосон юм биш ээ. Найруулагч Б.Бат-Өлзий надад хандан “П.Турринигийн “Ашгүй бүх юм дууслаа” нэг хүний жүжигт тоглох уу” гэж санал тавьснаар моно жүжгийг сонирхох болсон юм. Залуухан ч байж, ганцаархнаа тоглоно гэхээр соньхон ч санагдсан. Тэгэхэд би жүжигчнийхээ хувьд, дотоод сэтгэлдээ шатаж, бүхнийг чадна гэсэн итгэл үнэмшилтэй байсан болохоор “Тэгье” гээд л зохиолоо ч уншилгүй шийдсэн. Ганц хүний жүжгээр өвчилсөн түүх маань энэ.
Аливаа хүн нийгмийн харилцаанд орсноор түүний хэн бэ гэдэг нь ил гарч ирдэг. Нэг хүний жүжигт ажиллах нь зөвхөн өөртэйгөө нүүр тулах цаг хугацаа учир тэр хүн бусад хүнтэй харьцдаг шигээ хэн нэгэн байх, хэн нэгэн мэтээр төсөөлөгдөх ч шаардлагагүй. Хүн зөвхөн ганцаархнаа байгаа үедээ л ямар ч жүжиглэлтгүйгээр, ямагт үнэн оршдог. Хүний тасралтгүй үргэлжилж байгаа бодлын хэлхээс нь түүний нүцгэн үнэн юм. Нүцгэн гэхэд ч гадуур нь мэт санагдаж байна. Махыг нь, бодлыг нь, зүрх сэтгэлийг нь дэлгээд ил тавьчихаж байгаа юм шиг бүх зүйл нээлттэй харагддаг учир моно надад таалагддаг.
-Өдгөө та СУИС-д багшилж байгаа. Хичээлийн үеэр онол ярьдаг хүний хувьд би муу бүтээл хийж болохгүй гэсэн сэтгэлийн зовууриар хөндүүрлэх нь бий юу?
-Байхгүй. Огт байхгүй. Найруулагчийн ангид суралцаж буй оюутнууддаа би “Хүнд таалагдах гэж оролдоод эхэлбэл тэр цагтаа чи амь тавина” гэж хэлдэг юм. Би уран бүтээлчдийг билиг танхай байж, хийхийг хүссэнээ зоригтой гүйцэлдүүлэх ёстой гэж боддог. Тэгэхээр шавь нартаа “Багш нь хүссэн зүйлээ л гүйцэлдүүлсэн. Бусад хүмүүст таалагдана уу, таалагдахгүй байна уу надад хамаагүй ээ” гэж хариулдаг. Урлагийн төрлүүд өргөжин тэлж, сэтгэлгээний хувьд задарч байна. Тэдгээрийн нэг л надаас гарна байх. Миний хувьд “Хүүхэлдэй” жүжгээр өөрийнхөө эмзэглэлийг, эмэгтэй хүний дотоод сэтгэлийг цэлийтэл нь дэлгэх сэн л гэж зорьж байна. Харин хуучин цаг үеийн үзэл суртлын зарчмаар “Эмэгтэй хүн ийм байвал зөв, тийм байвал буруу” гэж харуулахыг огтоос ч хүсэхгүй. Би хүний дотоод сэтгэлийг л нээж харуулна, аль нь буруу, аль нь зөв болохыг үзэгч та өөрөө тунгаа.
-Та найруулагчийн хувьд хаанаас, ямар байдлаар жүжгийн зохиолыг эрж хайдаг вэ?
-Амьдралаас л юм уу даа. “Ийм байх ёсгүй шүү дээ” гэх эмзэглэлээс л улбаалж жүжгийн санаагаа олдог. Тэгэхдээ тухайн жүжиг цаг үеийнхээ шаардлагад, үзэгчдийн таашаалд нийцэх учиртай. Үзэгчид маань оюун ухаантай, зүрх сэтгэлтэй хүмүүс байх учраас тэднийг хуурч болохгүй л гэж боддог. Тиймээс би бүх л бүтээлээ үнэн байлгахыг хүсдэг юм.
-Театрын уран бүтээлч болоход тань юу нөлөөлөв?
-Багш. Би өөртөө итгэлтэй хүүхэд байгаагүй юм. Харин далчигар хүүхэд байлаа. Арван жилээ төгсөхдөө архитектурын ангид орох санаатай хар зургийн шалгалт өгсөн ч, тэнцээгүй. Ээжийнхээ зөвлөснөөр СУИС-д ороод байтал нэгдүгээр курстээ муурын этюд хийсэн юм. Тэгэхэд МУГЖ Л.Дэмидбаатар багш маань “Та нар харав уу. Энэ хүүхдийн мэдрэмж нь, бодож байгаа нь, хийж байгаа зүйлүүд нь яг мөн байна” гэж хэлсэн. Түүнээс хойш тэр этюдээр харуулсан мэдрэмжээ хамгийн үнэн байсан гэж бодоод тэр л мэдрэмжээ одоо ч барьж явна даа.
-Өнөөгийн Монголын театрын хөгжлийг хэрхэн харж байна?
-Надад таалагдаж байгаа. Тараагаад хаячихсан тариан түрүү шиг үнэхээр сайхан хөгжиж байна шүү дээ. Орост сургууль төгсөж ирсэн залуучууд шинэ сонирхолтой жүжгүүд найруулж байна, зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж, үүнийг дагаад олон төрөл жанрын жүжгүүд тоглогдож байна.
“Гэгээн муза” академи болон “Монголын моно жүжгийн төв”-өөс моно жүжгийг хөгжүүлэх, уран бүтээлчдийг хөглөхийн тулд олон улсын тэмцээнийг зохион байгуулахад гадаадын олон моно уран бүтээлч ирж, Монголд тоглодог юм. Гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн моно жүжгүүдийг зэрэгцүүлэн үзэхэд сэтгэлгээний тэсрэлтэд ордог. Нэг хүн уйлж, хашхираад л, эсвэл өөртэйгөө ярихыг л моно гэж ойлгох боломжгүй. Зөвхөн хөгжмөөр өөрийгөө илэрхийлж болно. Юу ч хийлгүй таг зогсох моно ч байна. Ямар уудам урлагийн эрх чөлөө, илэрхийллийн яасан өргөн боломж вэ энэ. Б.Мөнхдорж багшийн илтгэлийг уншихад “Моно жүжгийн дэг сургууль нь Монголын уламжлалт тууль хайлах, үлгэр ярих, бөөгийн зан үйл, бадарчны явган ярианд хүртэл байсан. Нүүдэлчдийн соёл бүхэлдээ моно жүжгийн деталийг агуулж байсан юм” гэж бичсэн нь бий.
-Өөртөө сэтгэл хангалуун байдаг уран бүтээл гэвэл алийг нь нэрлэх вэ?
-Би олон уран бүтээл хийгээгүй л дээ. Зөвхөн уран бүтээл хийж түүгээрээ талхаа олох ёстой ч гэж боддоггүй юм. Уран бүтээл хүнээс тасралтгүй гарч байдаг ундарга ч биш байх. Бүтээл хийхийн урьд бодож, шаналах өчнөөн хугацаа шаардлагатай гээч.
Найруулагчийн хувиар Ө.Үлэмжтөгсийн зохиол “Амьгүй биет” жүжгийг нэрлэнэ. Тэр үед би контемпорари урлагийн талаар сонирхож, тэр чиглэлийн уран бүтээлд ажиллах сан гэж бодож байсан юм. “Амьгүй биет” зохиол ч гэсэн миний тэрсүү үзэлд маань тохирч, нийцсэн. Уг бүтээлийг анхнаас нь би удирдан ажиллаж, концепц нь ийм байх ёстой гэж солиороод л бүтээсэн юм биш. Багаараа ярилцаж, явц дундаа үндсэн төрх нь бүрдсэн ажил л даа. “Найруулагчаар ажиллаж болох юм байна. Үүний тулд илүү их хөгжих хэрэгтэй” гэсэн бодлыг надад үлдээсэн юм.
Энэ өвөл Д.Урианхай гуайн “Ханануудын амьдрал” нэг хүний жүжгийг найруулж, бичлэг болгож аваад хав дарчихаад байна. Бэлэн болчихсон байгаа энэ жүжгийг тохироо нь бүрдэхэд тайзнаа тоглуулна. “Ханануудын амьдрал” намайг 2015 оноос хойш зовоож байгаа зохиол юм. Яг одоо намайг сорьж байгаа гэвэл “Хүүхэлдэй” жүжиг байна. Даанч надад зулгаах үс байхгүй, толгойгоо зулгаагаад л байж байна даа.
Жүжигчний хувиар ямар ч дүр олдоход зүтгээд хийнэ л гэж боддог. Тэр бол багшийн маань надад өгсөн ир юм. Би тоглосон бүх дүрээ чинээнд нь тулгахыг л хичээсэн.
-Зохиолч Д.Урианхайн тайзны бүтээлүүдийг барьж авахаас найруулагчид халгадаг шүү дээ. Арилжааны биш, бодуулдаг, шаналгадаг нь хэн хүнд сорилт байдаг. “Ханануудын амьдрал” яагаад сонирхлыг тань тэгж хүчтэй татав?
-Зохиолчдын хороогоор санамсаргүй ортол “Тайз дэлгэцийн контемпорари бүтээлүүд” гэсэн хар ном байхтай таарч, сонирхсон юм. Тэндээс “Ханануудын амьдрал” жүжгийн зохиолыг уншаад үзтэл “Билгүүнсар аа, үүнийг чи л хийнэ. Чамаас өөр хэн ч барьж авахгүй” гэж өөдөөс хэлэх шиг надад санагдуулсан. Тэгэвч тухайн үед би найруулна гэж биш, жүжигчнийхээ хувиар би үүнд тоглоно гэж бодсон юм. Шуудхан барьж аваад тоглох гэтэл эв нь олдоогүй. Тэгэхээр нь бодол, тархиндаа өнгөжүүлсээр, өөрөөсөө туршлагатай, эсвэл дүү хүмүүстэй уулзаж ярилцсаар өнөөг хүргэсэн маань энэ. Ер нь би Д.Урианхай гуайн зохиолуудад дуртай. Үнэн зохиолч гэж надад санагддаг. Нэр хүнд олохын төлөө ч юм уу, эсвэл олон ном арилжихын төлөө бичсэн нэг ч зохиол түүнд байдаггүй. Нэгэнтээ Д.Урианхай гуайтай тааралдаад “Би таны зохиолыг тайзанд тоглуулах тухай олон жил бодож яваа юм аа. Тэгж болох уу” гэхэд “Өө, миний зохиолыг залуучууд тайзны бүтээл болгоно гэж зориглож байгаа бол татгалзах юу байх вэ. Тэгэхдээ миний хүү аймшгийн, эротик жүжиг болгохгүй л бол хамаагүй ээ. Ахынхаа бичсэнийг хүндэтгээрэй” гэж хариулсан. Зохиолч нь нэгэнт зөвшөөрснөөс хойш ир орж, тайзны бүтээл болгохоор эгнэгт шийдсэн юм. Гэхдээ нухсаар байтал бараг 10 жил болж байна. Би өөрийнхөө найруулсан “Ханануудын амьдрал”-д сэтгэл хангалуун байгаа, харин бусад хүмүүс юу гэхийг бүү мэд. Зохиолчийн маань үг л надад соньхон байна, удахгүй харуулна аа.
Найруулагч С.Сугар багш “Уран бүтээлийг мөнгөнөөс ангид ойлгох ёстой. Уран бүтээл, мөнгөтэй хутгалдаад эхлэхээрээ л урлагийнхаа чанарыг гээж эхэлдэг” гэж хэлдэг байсан юм. Энэ үг миний ой санамжид тод үлдсэн. Тиймээс би уран бүтээлээ зарж борлуулах санаатай мөнгөний хойноос хөөцөлдөөд эхэлбэл цэвэр урлагийн бүтээл хийх хүсэл сонирхол маань гуйвах байхаа гэж боддог. Уран бүтээлийг мөнгө болгох ажлыг продюсерууд л хийг. Надад хамаагүй. Би хөрөнгө мөнгөний асуудлаас хөндий байхыг хичээдэг, харин уран бүтээлээ хэрхэн хийх тухай шаналаад л явж байвал надад зугаатай байдаг.
-Таныг гайхшируулж, сэтгэл зүрхэнд тань тодоор үлдсэн нь гэвэл ямар жүжгүүд байв?
-Б.Галааридын зохиол, Ч.Найдандорж найруулагчийн “Эсрэг дурлал” жүжгийг оюутан байхдаа үзсэн нь надад хүчтэй нөлөөлсөн. Жүжиг үзэгчдэд ямар хүчтэй мэдрэмж үлдээж болохыг биеэрээ мэдэрсэн юм, тэгэхэд. Саяхан “Про” театрын “Сүүлчийн бороо” жүжгийг үзлээ. Яасан сайхан жүжиг вэ, тэр. Хэт чамин зүйлс дотор энгийн бүтээл агуу шүү дээ. Бясалгах боломжийг надад олгож байгаа юм. Сүржин, солиотой жүжиг гэж хэлж чадахгүй ч, тэнд очоод мэргэжлийн театрыг мэдэрнэ. Би шүүмжлэгчийн бус, үзэгчийн үүднээс жүжиг үзэх, тухайн уран бүтээлийн нэг хэсэг нь болохдоо хэзээд дуртай байдаг. “Орфей” театрын “Гэм зэм”, “1984”, Б.Баатар найруулагчийн жүжгүүд, П.Батхуяг агсны зохиол “Үйлийн гурван чулуу” жүжиг зэрэг санаанд тодхон байна. Таалагдсан бүх жүжгээ тоочъё гэвэл мартаж орхигдуулсан нь надад гомдох вий гэхээс эмээж байна. Жүжиг үзэх үнэхээр сайхан, би театрын урлагт хайртай. Би бусдын уран бүтээлийг шүүх хүн биш ээ, тэгэхээр бага ч гэсэн сайхан мэдрэмж хүртэж, тэр бүтээлээс оюундаа жаахныг тунгааж чадвал барав шүү дээ. Сургуулиа дөнгөж төгссөн омголон байхдаа “Уран бүтээл ийм байх ёсгүй, тийм байвал зохилтой” гэж явсан үе надад бий. Багшаар олон жил ажилласан маань бусдын уран бүтээлд хүндэтгэлтэй хандахад сургажээ. Оюутнуудтайгаа жүжгийн зохиол задлаад жүжгийн талаар, дүрүүдийн тухай, хүний амьдралын хувь тавилангийн тухай ярилцаад сууж байхад наддаа жаргал юм шиг санагддаг.
-Найруулагчаар нь ажиллах сан гэж мөрөөддөг зохиол бий юу?
-Антон Чеховын “Цахлай”. Энэ зохиолд би хайртай. Тайзнаа найруулж чадах, эсэхээ одоо ч би хэлж мэдэхгүй байна. “Цахлай”-г найруулах хүслээ гүйцэлдүүлэхийн тулд ахиад өчнөөн хөгжих, уншиж судлах, таньж мэдэх, амьдралын туршлага, мэргэжлийн туршлага, нас ч хэрэгтэй байна. Хүсэж, бодож явдаг зохиолоо одоогийн гэнэн насандаа сэглээд хаяхыг хүсэхгүй байна.
-“Хүүхэлдэй” жүжгийг тань үзэхээр зэхэж байгаа хүмүүст найруулагчийн хувиар юу амлаж чадах вэ?
-За, нэг юм амлая. Худлаа байхгүй.