Өнгөрсөн Мягмар гаригт Палахгамад гадаадын жуулчид халдлагад өртөж, 26 хүн амиа алдаж, 17 жуулчин шархадсан билээ. Энэ халдлагад Энэтхэг улс албан ёсоор Пакистаныг буруутгаж, одоо хоёр улсын хооронд дайн эхлэхэд бараг бэлэн болоод байна. Алан хядлагын дараа Энэтхэгийн Цагдаагийн газраас гурван сэжигтний нэрийг зарласан. Хоёр нь пакистан иргэн байлаа. Ингээд Лхагва гаригт Энэтхэг Пакистантай дипломат харилцааныхаа түвшнийг бууруулж, ЭСЯ-ны ажилтныхаа тоог 2 дахин цөөллөө. Мөн хоёр улсын хооронд байдаг цорын ганц хуурай замын боомтоо хааж, 1960 онд батлагдсан Инд голын усан хангамжийн гэрээнээс гарч байгаагаа мэдэгдсэн. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд визнээс чөлөөлөгдөөд байсан пакистанчуудыг визтэй болголоо.

Харин Пүрэв гаригт Пакистаны засгийн газар хариу арга хэмжээ авч, энэтхэг иргэдэд виз олгохоо зогсоон, Энэтхэгийн цэргийн атташе нарыг улсаасаа гарч явахыг шаардсан байна. Энэтхэгийн онгоцыг нутаг дээгүүрээ нисэхийг хориглож, хилийн Вагах боомтыг хааж, бүх худалдаа арилжааг, тэр дундаа транзит ачаа нэвтрүүлэхийг хориглосон байна. Мөн Инд голын усан хангамжийг зогсоох оролдлого хийх юм бол дайн зарласан гэж үзнэ гэдгээ анхаарууллаа. Пакистаны Засгийн газар Энэтхэгийг алан хядлагыг бүрэн сайн шалгаагүй байж, пакистанчуудад гэм тохох гэж оролдлоо гэж үзэж байгаа юм.
Ингэхэд үнэхээр Энэтхэг улс Пакистаныг усгүй болгож чадах уу?
Инд голын зургаан ундаргын таван гол нь Энэтхэгт байдаг. Гэхдээ энэ голын усыг үндсэндээ Пакистан ашигладаг гэхэд болно. Энэ голын уснаас Пакистаны эрчим хүч, хөдөө аж ахуй ихээхэн хамааралтай. 1960 онд хоёр улс гэрээ байгуулж, Инд голын систем дэх зүүн талын гурван голыг Энэтхэг, баруун гурван голыг Пакистан эзэмших болсон. Энэ хоёр улс хоорондоо олон удаа мөргөлдөж байсан ч Энэтхэг хэзээ ч голын усан хангамжаа тасалж байгаагүй. Харин энэ удаа Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри “Пакистан улс хилийн бүсийн алан хядагчдыг дэмжихээ бүрэн зогсоох хүртэл Усан хангамжийн гэрээнээс гарч байна” гэж мэдэгдлээ. Гэхдээ мэдээж шууд усаа хаагаад эхлэхгүй нь тодорхой. Reuters агентлагийн мэдээлснээр ус хаалаа гээд тэр их усыг хадгалах газар Энэтхэгт байхгүй гэнэ. Гэхдээ гэрээнээс гарснаар Энэтхэг улс үер ус, далангийн талаарх мэдээлэл хуваалцахгүй болж, ган гачигтай үед Пакистанд ус нийлүүлдэг байснаа зогсооно гэсэн үг. Ингэснээр Пакистаны газар тариалан хүнд байдалд орох юм.

Пакистаны Эрчим хүчний сайд Аваис Лехари энэ явдлыг “Усны дайн” гэж нэрлээд Энэтхэгийг хууль бус, хулчгар үйлдэл гаргалаа гэж шүүмжилсэн. Пакистаны Үндэсний тариаланчдын холбооны тэргүүн Халид Хуссейн Баат “Reuters”-т ярилцлага өгөхдөө “Энэ бол жинхэнэ дайн. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган гачиг байнга гарч, бид усны хомсдолд ороод байгаа. Энэ жил бороо хургүй, цас ороогүй, усны түвшин өнгөрсөн жилээс 20-25 хувь бага байгаа” гэж ярьсан байна.
Хоёр улс хэд хэдэн удаа мөргөлдсөн. 2016 онд Урид 19 энэтхэг цэрэг алагдахад Энэтхэг Пакистаны Кашмирт цохилт өгсөн. 2019 онд Энэтхэгийн цагдаа нарын сууж явсан автобусыг машин мөргөж, дэлбэлэхэд 40 хүн алагдсан. Үүний дараа Энэтхэг алан хядагчдын орогнох газар Балакид агаарын цохилт өгч байлаа. Пакистан хариуд нь гал нээж, бүрэн дайн болох дөхсөн билээ.
Хоёр улс хоёулаа цөмийн зэвсэгтэй нь мөргөлдөөн гарахад ямар аюул бүс нутагт заналхийлж байгааг илэрхийлж байна.