Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжиж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар ажиллаж байна. Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн нь их байгаа учраас суурийг хүчитгэж байна. Мөн зарим байршилд буюу 25 дугаар эмийн сангаас “Гранд плаза” дэлгүүрийн уулзвар хүртэлх байршилд зам засварын ажлын явцад гардаг чийгийг гадагшлуулахын тулд 48 цаг хүлээх шаардлагатай. Иймд иргэдийг хүлээцтэй байхыг уриалж байна” гэлээ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчилнэ. Энэ онд хийх зам засварын ажлууд Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй. Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө 07:00 цагт хөдөлгөөний бүрэн нээх зохицуулалт хийн ажиллаж байгаа аж.