БНСУ-ын хөвгүүдийн Stray Kids хамтлаг албан ёсоор YouTube суваг дээр 20 сая дагагчтай болсноо мэдэгдлээ. Тэд БНСУ-д BTS, BLACKPINK хамтлагуудын дараах 20 сая дагагчтай гурав дахь уран бүтээлч болж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 30-нд тэд 20 сая гэсэн тоог давсан бөгөөд тусгай бичлэг хийж, баяраа тэмдэглэсэн байна.
Тус хамтлагийн YouTube суваг бол маш олон төрөл, сэдэвтэй контент дүүрсэн, маш сонирхолтой суваг байдаг. Эрч хүчтэй бүжиг, дуу хөгжмөөс гадна аялан тоглолтын хөшигний ар дахь байдал гээд олон зүйлийг өгүүлдэг. Хамгийн сонирхолтой нь өдөр тутмын амьдралаа дэлгэн харуулсан “SKZ-TALKER GO!”, хөгжилтэй, цэнгээнт шоуны «SKZ CODE зэрэг нэвтрүүлэг байдаг.

Stray Kids хамтлаг одоо дэлхийн 34 хотод 55 концерт хийх аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа. Тавдугаар сарын 10-18-нд Японы Шизүокад 4 тоглолттой. Дараа нь тавдугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 30 хүртэл Хойд Америк, Европоор аялах юм. Энэ аялан тоглолтод нийт 2,2 сая үзэгч хамрагдана гэдэг нь к-поп хөгжмийн түүхэн амжилт болох учиртай.