UBLife Logo
Спорт

Айсуй олимпын анир

Айсуй олимпын анир

Хүн төрөлхтний түүхэн дэх цэнгэлийн манлай Олимпын наадам болох  "Өндөр жил"-ийг дөрвөн он дамнан хүлээдэг байсан тэртээх жилүүд тээр ард үлдэж, Өвөл, Зуны олимпын наадмууд хоёр жилийн зайтай зохиогдох болсон нь юутай сайхан.  "Парис-2024" Зуны олимпын наадам өндөрлөөд жил ч тойроогүй байхад дараагийн олимп болох "Милан-Кортина -2026" Өвлийн олимп эхлэхэд жил ч хүрэхгүй хугацаа үлдэж, "Лос Анжелес-2028" Зуны олимп "наашаа" хөдлөөд эхэлчихжээ.

"МИЛАН-КОРТИНА 2026"

Өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-нд Италийн Милан хотын цуут "Сан Сиро" цэнгэлдэхэд (80,000 хүний суудалтай) нээлтээ хийнэ. Италийн хоёр дахь том хот Миланаас гадна Хойд Италийн хэд хэдэн хотод ирэх өвлийн олимпын уралдаан тэмцээнүүд явагдах юм.

Миланд нээлтийн ёслолын ажиллагаанаас гадна хоккей, тэшүүр, уран гулгалт, шорт-трекийн тэмцээнүүд явагдах бол Милантай хамтран зохион байгуулагч Кортина д Ампеццо бүсэд уулын цана, биатлон, кёрлинг, бобслей, чарга, скелетоны тэмцээнүүд явагдана. Кортина д Ампеццо бол өмнө нь 1956 онд Өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байсан хот. Мөн Валтеллина бүсэд уулын цана, ски- альпинизм, сноуборд, фристайл, Вал ди Фиемми бүсэд гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин харайлтын тэмцээнүүд болох юм.

Харин Өвлийн олимпын XXV наадмын хаалтын ёслолын ажиллагаа 2026 оны хоёрдугаар сарын 26-нд Верона хотын "Arena di Verona" хэмээх эртний амфитеатрт болно.

МЭ-ний 30 онд баригдсан гладиаторын тулаан зохиогддог байсан газар. Өдгөө бол түүх, соёлын дурсгалт газраас гадна дуурийн төв болжээ. Жилдээ "Верона арена"-д дуурийн концерт үзсэн хүмүүсийн тоо 600000-д хүрдэг гэнэ.

"Милан-Кортина 26" Өвлийн олимпийн уриа нь "IT's your Vibe".

Олимпын маркетингийн хамгийн чухал зүйлийн нэг нь бэлгэдэл сахиус-маскот байдаг. Энэ удаагийн олимпын бэлгэдэл сахиус нь Тина болон Мило хэмээх нэртэй, эгч дүү үен хэмээх хоёр амьтан.

Тина буюу цагаан шаргал зүстэй эгч үен нь Олимпын, Мило нэртэй эрэгтэй дүү, бор нь Паралимпийн бэлгэдэл бөгөөд тэднийг "the Flo" хэмээх зургаан цасан цэцэг дагалдаж буй.

"Милан-Кортина 2026" олимпын наадамд тамирчид спортын 16 төрөлд 116 цогц медалийн төлөө өрсөлдөх ба ски-альпинизм (ski mountaineering) хэмээх төрөл Өвлийн олимпын наадмын хөтөлбөрт анх удаагаа багтаж буй юм. Цанатай уулын спорт гээд ойлгочиход буруудахгүй. Тодорхой замаар уул руу цанатай болон цанаа барин гарч болох бөгөөд буухдаа бол цанатай  замгүй ( free ride) бууж болдог.

"ЛОС АНЖЕЛЕС -2028"

Зуны олимпын XXXIV наадам АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо 2028 оны долдугаар сарын 14-30-нд болно.

Олимпийн наадмыг гурав дахь удаагаа хүлээн авах ( 1932,1984,2028) манай гарагийн гурав дахь ( Лондон, Парис хотууд Олимпын наадмыг гурав, гурван удаа зохион байгуулсан) хот нь Лос Анжелес болох юм. Олимпийн наадам эхлэхэд 40 сар, 1100 гаруй хоног байгаа ч олон зүйлийн онцлогтой олимп болох нь одоо ч яригдаж байна.

Хамгийн сүүлд болсон "Парис-2024" олимпын наадмын үеэр спортын шинэ барилга байгууламж ердөө л хоёрхон баригдсаныг та бид мэднэ. Тэгвэл "ЛА-28" Олимпын наадамд зориулж нэг ч шинэ цэнгэлдэх болон спортын ордон, байгууламж барихгүй. 1932,1984 оны байгууламжуудаа засч тордож, шинэчлээд ашиглахаар төлөвлөсөн. Гэхдээ НФЛ, НБА-ийн багуудын шинээр баригдсан SoFi цэнгэлдэх, Intuit Dome сагсанбөмбөгийн ордон зэргийг мэдээж ашиглана.

Хамгийн "хуучин" нь 1920-оод онд баригдсан "Роуз боул", "Мемориал колизеум Лос Анжелес" цэнгэлдэх хүрээлэнгүүд. Энэ хоёр цэнгэлдэх түүхэнд гурван олимп хүлээн авсан анхны спортын байгууламж болох юм.

Нээлтийн болон хаалтын ёслолын ажиллагаа "SoFi" болон "Колизеум" цэнгэлдэхэд аль алинд нь болно.

Мөн "SoFi" хэмээх 70 000 хүний суудалтай 2020 онд ашиглалтад орсон цэнгэлдэхэд усанд сэлэлтийн тэмцээн явагдана. Цэнгэлдэхийг усан бассейн болгох тул үзэгчдийн тоо 38,000 болох бөгөөд олимпийн усанд сэлэлтийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй олимп болох нь одоо ч тодорхой байна. Элсний волейбол жинхэнэ наран шарлагын ориг элсэн дээр явагдах аж.

За тэгээд олимпын лого нь LA 28 хэмээх бичигтэй байх ч 35 өөр хувилбартай байх юм. L 28 гэсэн үсэг тоо хэвээрээ байх ч А үсэг 35 өөр, солигддог байх ажээ.

"ЛА 28" олимпын наадмыг зохион байгуулагчид эко олимпын наадам хийхийг хүсч байгаа. Тиймээс ч "авто машингүй" олимп байх болно гэж мэдэгдсэн. Тэдний төлөвлөж буйгаар бол Олимпын наадмын уралдаан тэмцээнийг үзэх хүмүүс автомашин хөлөглөх боломжгүй бөгөөд спортын ордон, заал танхим, цэнгэлдэх рүү зөвхөн тусгай автобусаар болон нийтийн тээврийн хэрэгслээр хүрэх ажээ. Лос Анжелес хот Америктаа хамгийн автомашины их түгжрэлтэй хот болохоор энэ нь ч зөв шийдвэр болов уу?

2028 оны олимп мөн "Olympic village" буюу Тамирчдын тосгон барихгүй. Баг, тамирчид Лос Анжелес дахь Калифорнийн Их сургуулийн (UCLA) оюутны дотуур байранд байрлах юм.

Сонирхолтой нь 1932 оны Лос Анжелесийн олимпын үеэр анх удаагаа тамирчдад зориулан албан ёсны "Olympic village" -ийг барьж байсан түүхтэй.

"ЛА-2028" олимпын хөтөлбөрт таван шинэ спортын төрөл орсон нь крикет, лакросс, сквош, бэйсбол/софтбол, флаг-футбол (америк хөлбөмбөгийн хялбаршуулсан хувилбар). Крикетээс бусад нь Америкт маш түгээмэл спортын төрлүүд.

Мөн зуны олимпын XXX наадамд түүхэнд анх удаагаа эмэгтэй тамирчдын тоо эрэгтэй тамирчдын тооноос илүү байх юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.