UBLife Logo
Спорт

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний талаар таны мэдэх ёстой зүйлүүд

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний талаар таны мэдэх ёстой зүйлүүд

Манай гарагийн хамгийн их хүн сонирхдог спорт, хамгийн их хүн үздэг тэмцээн, хамгийн сүр дуулиан, нэр хүндтэй арга хэмжээний нэг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд жил гаруйхан хугацаа үлджээ.

"Таван цагариг" сонин хөлбөмбөг, спорт сонирхогч Та бүхний заавал мэдэж байх мэдээллийг товч хүргэе!

Хөлбөмбөгийн 26 дахь (дөрвөн жилд нэг удаа болдог) удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд болно.

Хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаагаа гурван өөр улсын, тухайлбал АНУ, Канад, Мексикийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдана.

"2026" ДАШТ АНУ-ын 11, Мексикийн гурав, Канадын хоёр хотноо болно.

Үүнд: АНУ-ын Сан Франциско, Лос Анжелес, Сиэтл, Хьюстон, Даллас, Атланта, Бостон, Филадельфи, Майами, Канзас сити, Нью Йорк, Канадын Ванкувер, Торонто, Мексикийн Мехико, Гвадалахара, Монтеррей хотууд.

Мөн анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-д 48 улсын шигшээ баг оролцоно.

Европоос 16, Африкаас 9, Азиас 8, Өмнөд Америкаас 6, Хойд болон Төв Америкаас 6, Далайн орнуудаас 1, мөн тив хоорондын плей-оффоос 2 баг эрхээ авна.

Яг өнөөдрийн байдлаар (4.22.2025) долоон орон Хоaд Америкт тоглох "визээ" аваад байна. Үүнд АНУ, Канад, Мексик (зохион байгуулагч орон), Япон, Шинэ Зеланд, Иран, Аргентин.

"2026-ДАШТ" -ий нээлтийн тоглолт  Мексикийн Мехико хотын домогт  "Ацтека" цэнгэлэхэд, харин шигшээ тоглолт АНУ-ын Нью Йоркийн "Метлайф" цэнгэлэхэд болно.

ДАШТ-ий тоглолт 104 (өмнө нь 64 тоглолт болдог байв) болох бөгөөд 48 баг 12 хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан тойргоор тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр хоёр нийт 24 баг, дээр нь хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудаас шилдэг үзүүлэлттэй найм, нийт 32 баг хасагдах шатанд тоглоно.

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбар 2025 оны долдугаар сарын сүүлчээр fifa.com -оор дэлхий даяар онлайнаар нэгэн зэрэг зарагдаж эхлэх юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.