Зохиолчийг арван нас ч хүрээгүй байхад төрсөн ертөнц нь төгсөж орхижээ. Энэ төгсгөлийн тухай бүрэн дүүрэн биш гэхэд бүдэг бадаг дурсамж түүнд үлдсэн нь лавтай. Төгсгөл, эхлэл гэдэг тун ч товчхон үгс боловч “Төгсөв” гээд л төгсчихдөггүй, эхлэл ч үнэндээ эхлэл байдаггүй билээ.
Зохиолч бид хоёр хоёулаа сургуульд оруутаа Сухомлинскийн үгийг хананаас уншиж, шок эмчилгээгээр эмчлүүлж, шилжилтийн насаа шилжилтийн үетэй цуг туулсан социализмын сүүл үеийн хүүхдүүд. Би зохиогчийн гэр бүлийнхнийг танихгүй ч энгийн нэг гэр бүл байсан хэмээн төсөөлбөөс: аав, ээж нь ажлаа алдсан, алдаагүйн аль нь ч бай авдаг хэд нь хаанаа ч хүрэхээ байсан, XX тогтоолоор байдаг бүхнээ алдсан, аав нь гутарсан, уусан, ээж нь зүтгэсэн, ТҮЦ ажиллуулсан, магадгүй Солонгос явсан; эмээ, өвөө нь амьд асан бол намын гишүүн, хүндтэй ахмадаас орцны жижүүр, тамхи гар дээрээс худалдагч болж хувирсан; өөрөө чулуугаар байлдаж, Зөвлөлтийн дайны тухай киноны араас Холливудын тулаант кино цувуулж, “Нисванис”-ыг “Дайн ба энх”-тэй сонсож, райм бичих гэж оролдсонд нь бараг л эргэлзэхгүй байна. Хожим түүхийн номуудад улс төр, эдийн засгийн шилжилт гэсэн товчхон үгс, ДНБ төдөн доллар байлаа гэсэн тодотголтой бичигдэх энэ цаг үе хүний амьдрал, оюун санаа, сэтгэлзүй, үнэт зүйлсийн шилжилтийн үе байсан бөгөөд өөрийн гэсэн мөрийг хүн бүрийн дурсамжинд үлдээжээ.
Миний бодлоор таны гарт байгаа энэ ном дээр өгүүлсэн донсолгоот цаг үеийн дурсамж, цочрол дундаас төрсөн болов уу. Гэхдээ энэ бол түүхэн, эсвэл улс төрийн бүтээл биш, харин түүнээс хавьгүй эмзэг нандин байж болох, шилжилтийн гэх үед хөвгүүн насаа гээж, хэзээ нэгэн цагт бүх юм сайхан болно гэх капитализмын биелээгүй мөрөөдлийн араас хөөцөлдсөөр идэр насаа өнгөрөөхдөө туулж мэдэрсэн хувийн туршлагаа уран бүтээл болгон хувиргах оролдлого гэвэл зохилтой.

Манай үеийнхэн бол социалист ба капиталист, өмнөх ба эдүгээх нийгмийн аль алинд нь амьдарч үзсэн ч аль алинд нь үл хамаарах бүлэг юм. Гуравдагч ертөнцийн ихэнх улс оронд орчин үежилт баруунжилтийн хамтаар ирсэн бол Монголын хувьд орчин үежилт нь социализмтай, харин баруунжилт нь капитализмтай хамт иржээ. Бид 1990 онд чөлөөлөгдөж, үүнийхээ зэрэгцээ төөрсөн. Сартрын хэлснээр хүн эрх чөлөөтэй байхаар хараагдсан амьтад. Аав, ээж маань зөвхөн ажлаа алдаагүй, өөрсдийгөө ч бас алдсан. Нэр төр, үнэ цэнээс аяга хоол чухал байсан үе. Үр дүнд нь хүн амьд үлдэх гэж л тэмцэх биологийн амьт бие болон жижгэрч, алдаж гээсэн зүйлсээ Эрээний хочтой капиталист бараагаар орлуулж, капиталист мөрөөдөлд автсан. Өнгөрсөн үеийн ёс суртахууны луужин нэгэнт эвдэрсэн. Эдүгээгээс харах ахул мөнөөх луужин ахиж хэзээ ч бүтээгдсэнгүй. Эндээс л бидний төөрөгдөл эхэлсэн мэт.
Энэ ном бол төвөгтэй цаг үед төөрөлдсөн, замаа олох гэсэн, гэхдээ олж чадаагүй хүний, түүнтэй нэгэн цаг үеийг туулсан хүмүүсийн, бид бүгдийн ч дуу хоолой юм. Молхи минийхээр нэн шинэ үеийн түүх, эсвэл саяхны өнгөрсөн хэмээн томьёолж болмоор хором мөчөөр мартагдан буй энэ цаг үеийн дуу хоолой болсон уран бүтээл, тэр дундаа хүүрнэл зохиолын бүтээл манай уран зохиолд тун ховор. Бид өнгөрсөн зууны туршид хоёр хувьсгал, түүнийг дагасан хоёр их өөрчлөлтийг туулан гарсан. Харамсалтай нь эхний хувьсгалын тухай зөвхөн үзэл сурталжсан түүх үлдсэнээс уран зохиол байтугай түүхэн үнэн ч үлдсэнгүй, үлдэх боломж ч байсангүй. Тэр үеийн эгэл жирийн хүмүүсийн оюун бодол, хүсэл зориг түүхэн баримтаар ч, урлагийн бүтээлээр ч бидний үед хүрч ирсэнгүй. Харин хоёр дахь хувьсгалаас хувь хүмүүсийн амьдрал, оюун сэтгэлгээ хийгээд сэтгэлзүйд үлдсэн үр дагаврын талаар өгүүлэх, үлдээх боломж нь бидэнд байсаар байна. Түүхийн мартсан, эсвэл эс хайхарсан тэр зүйлсийг уран зохиол өгүүлдэг билээ. Магад энэ үүргээ ухамсарласных уу, эсвэл ердөө л өөрийн замаа олох гэсэн, өнгөрсөн амьдралаа эргэн харж, эргэцүүлэх оролдлого нь уу зохиолч Монголын үргэлжилсэн үгийн унтанги түүдэг рүү хоёр дахь цучлаа шидсэн нь энэ болой. Бид өнгөрсөн нийгэм хийгээд өөрсдийгөө ч үл ойлгох зах зээлийн гэх шилжилтийн донсолгоог аль алийг нь санаж буй сүүлийн үеийнхэн. Бид өнгөрснийг санагалзалгүй, өнөөдөрт төөрөгдөлгүйгээр энэ хоёрын завсар дахь үнэнийг олж чадна.

Зохиолч энэхүү бүтээлдээ шидэт реалист, “кафкаск” бичлэгийн хэв маягийг голлон ашиглажээ. Гэхдээ энэ нь зөвхөн уран чамин байх гэсэн оролдлого биш, хүүрнэхийг хүссэн түүх ийм л хэлээр илэрхийлэгдэх боломжтой байсантай ч холбоотой байж болох. Нэгдүгээрт, шидэт реалист хэв маяг саяхны өнгөрснийг сюрреал шинжээр сүлжээ. Бид маш хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй ертөнцөд амьдарч байна. Өмнө нь бүтэн зуунд тохиодог байсан өөрчлөлт нэг арванд л явагдаж, хүүхэд насны дотно нандин бүхэн эдүгээ өнө эртний, эсвэл харь мэт санагдах болжээ. Энэхүү өөрчлөлт нэгэн төрлийн санагалзлыг, гэхдээ алс холын дурсамжийг биш харин нүдэн дээр нь үйрэн бутарч буй ертөнцийг санах санагалзлыг өдөөдөг. Өнгөрсөн үеийн уламжлал, үнэт зүйлсийг шинэ капиталист идеалууд орлож, бидний хамтын дурсамж болсон олон нийтийн зай талбай, барилга байгууламж, хөгжил нэрээр цоллосон бетоноор солигдож байгааг бид бүхэн хамтдаа гэрчилж байна. Хүний ондоошил гэгч түүний туулсан үүх түүх дээр бойжин бий болдог. Тэгвэл энэхүү эрчимтэй бөгөөд хүмүүнлэг бус өөрчлөлтийн үр дүнд хүний дурсамж улам бүр алсарч, тэр хэрээр бид өөрсдийгөө хэн болохыг ч мартаж байна.
Энэхүү номын турш давамгайлах нэг сэдэв нь ганцаардал хийгээд тусгаарлал. Капитализм хамтын түүх, хамтын орон зай, хамтын үнэ цэнийг устгаснаар хүмүүс нэг нэгэнтэйгээ утга учиртай холбоо харилцаа тогтоох боломжгүй болдог. Өгүүллэгийн баатрууд хувь хүний айдас түгшүүр дундаа төөрч, өрөөлтэй утга учиртай харилцаа холбоо үүсгэж чадахгүйгээс шаналж зовох ч шалтгаанаа тайлбарлаж эс чадна. Энэ бол манай цаг үеийн түгээмэл дүр төрх. Харамсалтай нь бид энэхүү үйл явцыг өөрсдийн дахин давтагдашгүй цор ганц гэсэн шалтгаанаар тайлбарлаж, ганцаардал, тусгаарлалтын учир шалтгааныг хайх, эсвээс даван гарах оролдлого хийлгүй, идэвхгүйгээр улам бүр өөрөө өөртөө живдэг. Зохиолч энэхүү уур амьсгалыг гярхай барьж авсан ч өөрөө мөн идэвхгүйгээр энэ урсгал дунд уншигчдын хамтаар живснийг шүүмжлүүштэй. Гэхдээ энэ нь ч өөрөө манай цаг үеийн нэгэн тусгал болох боломжтой юм. Бид өвдөлтөө мэдэрч буй ч өвчнөө оноон нэрлэж эс чадна.
Эцэст нь хэлэхэд энэхүү бүтээл зохиолч өөрийн туршлага, мэдрэмж, дурсамж дээрээ дулдуйдсан ихээхэн хувьч шинжтэй боловч, нэгэнт хувь хүн бүр цаг үеийнхээ шарх сорвийг тээж явдаг болохоор нэгэн үеийнхний дурсамж, дуун болжээ.
/ А.Амармэнд/.