Английн “Лейстер Сити” клубийн домогт хөлбөмбөгчин Жэйми Варди энэ улирлыг дуусгаад буурь сэлгэх шийдвэрийг гаргасан билээ.
“Лейстер” түүнийг 13 жилийн өмнө ердөө 1 сая фунтээр эгнээндээ нэгтгэж байв. Мэдээж тэр цагт ханш нимгэн байсан, гэхдээ л Варди үнэлгээнээсээ хэдэн мянга дахин илүү үнэ цэнийг бүтээсэн хөлбөмбөгчин юм.
Ганцхан жишээ дурдахад, хэний ч санаанд багтаагүй “Лейстер Сити” дэлхийн хамгийн хүчирхэг лигийн тэмцээн болох Премьер лигт түрүүлэхэд Вардигийн гялалзсан тоглолтууд, оруулсан гоолууд ихээхэн тус болсон. Тийм ч учраас түүнийг тухайн улирлын Премьер лигийн шилдэг тоглогчоор тодруулсан юм. Хожмоо тэр Премьер лигийн шилдэг мэргэн буучийн шагналыг ч мөн гардсан.
Ням гарагт Варди “Лейстер”-ийн төлөөх 500 дахь тоглолтодоо оролцож, 200 дахь гоолоо оруулсан юм. Энэ нь түүний амьдралын 13 жилд гэр шиг дулаахан, дотно газар нь байсан Кинг Пауэр цэнгэлдэх хүрээлэнд хийсэн түүний хамгийн сүүлчийн тоглолт боллоо.
Тэрбээр уг тоглолтын дараа “Хэн ч биднийг Аваргуудын лигт оролцоно, Премьер лигт түрүүлнэ гэж бодож зүрхлээгүй. Гэхдээ л бид чадсан юм” гэж хэлсэн.
Өдгөө 38 настай Вардиг буурь сэлгэх үеэр “Лейстер” түүний байрлалд шинэ тоглогч хайхад хүрэх юм. Гэхдээ тэдний санхүүгийн боломжоор Вардигаас илүү үр бүтээлтэй довтлогч олох хэцүү байх нь гарцаагүй.
