Дотор бачимдаж, тайван байж чадахгүй үед сэтгэл санаагаа цэгцлэх, уужруулах нь маш чухал. Тухайн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхөөс гадна, үүнийг гадагшлуулах, зохицуулах аргуудыг мэддэг байх хэрэгтэй. Доорх 7 арга танд тус болж мэднэ:
1. Гүнзгий амьсгалах техник ашиглах
4-7-8 техник: 4 секунд амьсгаа авах, 7 секунд амьсгаагаа барих, 8 секундээр гаргах.
Ингэснээр зүрхний хэм тогтворжиж, тархи тайвшрах дохио авдаг.

2. Мэдрэмжээ бичгээр илэрхийлэх
Дотоод бухимдлаа тэмдэглэлийн дэвтэрт чөлөөтэй бич.
“Би яг одоо…” гэж эхэлж, өөрийгөө Барьж хорихгүйгээр, юу мэдэрч байгаагаа дэлгэн бичих нь тус болдог. Таны сэтгэл илүү хөнгөрч мэднэ.

3. Хөдөлгөөн хийх / Алхах
Гадаа салхинд алхах, хөнгөн сунгалтын дасгал хийх нь стрессийн гормоныг бууруулж, толгой сийрэг болгодог. Ялангуяа байгальд алхах нь сэтгэл зүйн дархлааг дэмжинэ.

4. Итгэдэг нэгэндээ ярьж сэтгэлээ уудлах
Бага ч болов дотор хөнгөрөхөд найз нөхөд, гэр бүлийн дэмжлэг чухал. “Намайг шүүмжлэхгүйгээр зүгээр л сонсоорой” гэж хэлээд эхлүүлж болно. Мэдээж танд итгэдэг, таныг хайрладаг хүмүүс бол зүрх сэтгэлээсээ сонсож өгөх болно.

5. Урлагаар илэрхийлэх
Зурах, хөгжим тоглох, дуулах, бүжиглэх, шүлэг бичих гэх мэт бүтээлч аргууд сэтгэлээ “цааш нь гаргах” нэг хэлбэр. Чамд юу чадах нь чухал биш, юу мэдэрч байгаагаа гаргах нь гол зорилго. Өмнө нь огт туршиж байгаагүй аргууд байсан ч болно. Навчаар наамал хийх, чулуун дээр будах гэх мэт.

6. Бясалгах
Сэтгэл тайвшруулах богино бясалгалууд (2-5 минут) хийж, тухайн агшинд төвлөрөх хэрэгтэй. "Би одоо хаана байна вэ?", "Би яг одоо юу мэдэрч байна вэ?" гэж өөрөөсөө асуу. Амьсгал дээрээ төвлөрч, тайван, нам гүм орчинд хэсэг сууж бясалгал хийснээр юмс илүү өөр, амгалан санагдаж эхлэх болно.

7. Усанд орох эсвэл нүүрээ хүйтэн усаар шавших
Хүйтэн ус мэдрэхүйг хурцалж, биеийн мэдрэмжийг эргүүлэн авчирдаг. Энэ нь хэт их бодол, бухимдлаас ангижрахад тусална.

Хүн бүрт тохирох арга өөр байдаг ч, эдгээрийн аль нэгийг туршиж үзэх нь хүнд хэцүү, давчидмаар үед тань амьсгалах зай гаргаж өгөх болно. Та заавал туршиж үзэж, болохгүй бол мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна.