Өнгөрсөн Ням гаригт Токиод өндөрлөсөн Нацү башёд түрүүлсэн озэки Ооносато мэргэжлийн сүмо бөхийн 75 дахь ёкозүна болсон билээ. Энэ жилийн нэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна болсон манай Хоошёорюүгийн хамтаар ийнхүү мэргэжлийн сүмо зүүн, баруун жигүүртэй хоёр ёкозүнатай боллоо.
Мэргэжлийн спорт тул сүмочид ёкозүна цол хүртэхэд амьдрал өөрчлөгдөөд л явчихна. Ингээд аварга цолтнуудын давуу эрхийг танилцуулья.

• Озэки цолтой бөх сард 2 сая 500 мянган иэнийн цалинтай бол ёкозүна 3 сая иэн авдаг.
• Цалин, шагналын мөнгө нийлээд ёкозүна жилдээ 50 сая иэнийн орлоготой.
• Дэвжээнд гарах ёслолыг дээд зиндааны бөхчүүдээс тусдаа хийнэ.
• Тойргийн барилдаан, орон нутгийн тэмцээнд оролцоход өдрийн томилолтын мөнгө 9500 иэнээс 11000 болж нэмэгдэнэ.
• Барилдсан башё болгоноос авдаг мөнгө озэки 150 мянга бол ёкозүна 200 мянган иэн.
• Онгоц, шинкансэн хэмээх хурдан галт тэргээр зорчихдоо дээд зэрэглэлийн суудалд морилно.
• Сүмогийн холбооноос ёкозүна цол хүртсэний мэндчилгээ болгож, 1 сая иэн бэлэглэнэ.
• “Кокүгикан” ордонд машинтайгаа нэвтрэх эрхтэй.
• Зодог тайлахад нь холбооноос шагналын мөнгө өгнө.
• Озэки цолтой бөх гурван туслахтай байдаг бол ёкозүнад 10-15 дагуул бөх үйлчилдэг.
• Башёд барилдахгүй байсан ч цол буухгүй.
• 50 хувийн амжилт үзүүлээгүй ч цолоо хураалгахгүй.
• Зодог тайлаад 5 жил барилдаж байсан үеийн нэрээрээ Сүмогийн холбоонд ажиллах эрхтэй.
