Мэргэжлийн сүмо бөхийн 75 дахь ёкозүна Ооносато маргааш Мэйжи сүмд анхны аваргын ёслолоо гүйцэтгэх гэж байна. Өнөөдөр Нишёоносэки дэвжээнд тус галын бөхчүүд цугларч, аваргын дохёнд гарах ёслолдоо зүүдэг олсыг томж, дуусгалаа. Түүний зүүх олс нь 4,22 метр урт, 7,2 кг хүнд жинтэй байна. Ооносато ёкозүнагийн үнрүйгата, ширанүйгата гэсэн хоёр төрлийн ёслолоос үнрүйгатаг нь сонгож, Кисэносато багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж байна.

Ооносато “Одоо л яг ёкозүна болж чаджээ гэсэн мэдрэмж төрж эхэлж байна. Багаасаа л ёкозүна ёслолыг үзэж өссөн. Бэлтгэлээ сайн давтсан тул маргааш алдаа гаргалгүй хийх бодолтой байна” гэж сэтгүүлчдэд ярилаа. Түүний ёслолд озэки асан Такаясү, маэгашира Рюүдэн нар оролцох юм.

