Ким Кардашьян, Кайли Женнер, Селена Гомес, Рианна, Леди Гага, Ариана Гранде, Хейли Бибер гэх мэт алдартнууд сүүлийн жилүүдэд өөрсдийн гоо сайхан, арьс арчилгааны брэндийг үүсгэж, дэлхийн гоо сайхны зах зээлийг утгаар нь базаж байгаа билээ.

2022 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй, алдартай хэвээр байгаа загвар өмсөгч Хейли Биберийн Rhode брэнд зарагдаж магадгүй талаар бид өнгөрсөн удаад мэдээлж байсан бол 2025 оны 5-р сарын 28-нд “e.l.f Beauty” компани “Rhode”-ийг 1 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа.

“e.l.f Beauty” нь Калифорни мужийн Окланд хотод байрладаг Америкийн гоо сайхны брэнд юм. Уг брэндийг 2004 онд Жозеф Шамах, Скотт Винсент Борба нар үүсгэн байгуулсан ба хямд үнэтэй ч чанартай, шинэлэг бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй нийлүүлж, зах зээлд гарч иржээ.

Элф компанийн гүйцэтгэх захирал Таранг Амин “The Business of Beauty” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хоёр брэнд хүчээ нэгтгэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
